СТРЕСС МЕНЕЖМЕНТИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Стрессийн дааврын удаан хугацааны идэвхжил нь бие махбодийн олон тооны эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна. Кортизол дааврын ихсэлт нь дархлааны тогтолцоог дарангуйлснаар нян, вирус халдварын эсрэг бие махбодийн тэмцэх чадварыг бууруулдаг. Мөн дааврын тогтворгүй байдал нь цусны даралт, бөөр, бамбай булчирхайн үйл ажиллагаа, үр тогтоох чадвар, үрэвсэл, өөх тос болон уургийн бодисын солилцоо, цусны сахарын түвшинд мөн нөлөөлж, цаашлаад тархинд цус харвах, зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Мөн хүмүүс өөрсдийн сэтгэлзүйн сөрөг байдлаа даван туулахын тулд эрүүл бус зан үйлийг (тамхи татах, согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ) хийснээр шууд бус замаар хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлж болох юм. Учир нь амьдралын буруу зан үйлүүд хувь хүний хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг ба хэрвээ бид өдөр тутмын зуршлаа өөрчилж чадвал хавдраас урьдчилан сэргийлж чадна.

ХАВДАРТАЙ ӨВЧТӨНҮҮД СТРЕССЭЭ УДИРДАЖ СУРАХ НЬ МАШ ИХ ҮР АШИГТАЙ БИЛЭЭ.

Хөхний хавдартай, нийгмийн дэмжлэг сайтай, стресст бага өртдөг эмэгтэйчүүдийн дархлааны хариу урвал, хавдрын эсрэг эсийн идэвхжил нь дэмжлэг багатай эмэгтэйчүүдийг бодвол их байсныг эрдэмтэд судалгааны явцад тогтоосон байдаг.

Стресс менежментийн зорилго нь үр дүнтэй даван туулах стратегийг хэрэглэснээр бие махбодийг аль болох хамгийн хурднаар тайван байдалд эргүүлэн хүргэх зорилготой билээ. Сэтгэл засал эмчилгээний хэд хэдэн төрөл нь хувь хүний стрессийг даван туулах чадварыг нэмэгдүүлдэг байна. (Нотолгоонд суурилсан арга зам сэдвээс дэлгэрүүлж уншаарай)