Өтлөлтийн өмнөх солиорлын үед эмнэлзүйд зонхилон илэрдэг сэтгэц эмгэгийн шинжүүдийг харгалзан өтлөлтийн өмнөх солиорлыг дотор нь
1.Өтлөлтийн өмнөх сэтгэл гутрал – Нийт хүмүүсийн 15 хувьд нь илэрдэг хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр юм. Эмнэлзүйд сэтгэл гутралын шинж давамгайлан илэрч, сэтгэл түгшилт, айдас, сэтгэл гутралын дэмийрэл, өвчирхөх дэмийрэл, котарын хам шинж, амиа хорлох бодол санаанууд орно. Өвчтөнүүдийн зан сэтгэл гадны ямар нэг тодорхой шалтгаангүйгээр, өөрөө хар аяндаа түгшүүрлэх, айх, болгоомжлох байдлаар хувиран өөрчлөгдөж улмаар орчин тойронд ямар нэг гэнэтийн аюул гамшиг, зовлон сүйрэл болох гэж байгаа юм шиг тэдэнд санагдан байх газраа олж ядан босох суух, орох гарах, наашаа цаашаа холхих, ор дэрээ онгичин хувцсаа урах үсээ зулгаах, шүдээ зуух, гараа хазах цээжээ урах, “яана даа яана”, “аюул боллоо” мэтийн агуулгатай үгийг түгшүүртэйгээр давтан хэлэх зэргээр цаг үргэлжид хөдөлгөөнтэй, тайван биш, түгшүүртэй болдог.
Амиа хорлох эрсдэл – Амиа хорлох оролдлого хийсэн харих насны хүмүүсийн дийлэнх нь ганцаардаж, өөрийгөө хэнд ч хэрэгггүй хүн мэтээр бодож, надад хэн ч тусалж чадахгүй гэсэн итгэл үнэмшилтэй байдаг байна. Судалгааны үр дүнгээс харахад амиа хорлож нас барсан хүмүүсийн 75 хувь нь сэтгэл гутрал болон архи хэтрүүлэн хэрэглэх эмгэгтэй байсан. Ийм учраас эмчид хандаж байгаа эмчлүүлэгч хэрэв архи хэтрүүлэн хэрэглэдэг, санхүүгийн бэрхшээлтэй, гэр бүлийнхэнтэйгээ харилцааны зөрчилтэй, ганц бие, салсан, гэр бүлийн хүн сүүлийн 1 жилийн дотор нас барсан, биеийн өвчин эмгэг болон архаг өвдөлттэй бол ДЭМБ – ын амиа хорлох үнэлгээний 3 асуулт бүхий дараах асуумжийг авч, амиа хорлох эрсдэл байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Хэрэв аль нэг асуултанд тийм гэж хариулвал сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч лүү илгээнэ.
- Танд хэзээ нэгэн цагт амиа хорлох бодол төрж байсан уу?
- Та хэзээ нэгэн цагт амиа хорлох төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх алхам хийж байсан уу?
- Та хэзээ нэгэн цагт амиа хорлох оролдлого, үйлдэл хийж байсан уу?
2.Өтлөлтийн өмнөх дэмийрэл – Эмнэлзүйд гарз хохирлын ба хардах дэмийрэл зонхилон илэрдэг. Ийм байдалтай өвчтөн өдөр тутмын харьцаатай байдаг хүмүүсийг, тухайлбал айл хөрш, ажлын газрынхаа, төрөл садныхаа хийгээд гэр бүлийнхээ хүмүүсийг ямар ч ул үндэсгүйгээр өөрсдийнхөө үнэ цэнэтэй юмс, хувцас, эд хогшлыг хулгайлах, дээрэмдэх, гэмтээх, хоол ундааны зүйлд хор цацах хэлбэрээр эд материалын гарз хохирол учруулж байна хэмээн тооцохын сацуу тэднийг эхнэр буюу нөхөртэйгээ хардаж, түүндээ дээд зэргээр итгэн үнэмшсэн байдаг. Тэд энэхүү итгэл үнэмшилдээ автан хаалга үүд хийгээд авдар савныхаа түгжээ, цоожийг байн байн шалгах, үнэ цэнэтэй эд юмсаа нуух, шөнө нь унталгүй хүмүүсийн хөлийн чимээ гарахыг хүлээн чих тавих зэргээр үргэлж хардсан, болгоомжилсон, түгшүүрлэсэн төрх байдлаар цагийг өнгөрөөдөг.
3.Өтлөлтийн өмнөх кататони – Эмнэлзүйд өвчтөнүүдэд дуугүйрхэх, хөдөлгөөн хязаарлагдах, булчин хөших, орчны хүмүүсээс шаардсан үйлдлийг эсрэг утгаар нь гүйцэтгэх болон хоол унднаас эрс татгалзах шинжүүд илэрнэ. Мөрдөгдөх дэмийрэл, сэтгэлийн түгшүүрэл, айдас зэрэг шинжүүд хослон илэрдэг.