Эрүүл сэтгэц гэж юу вэ?

Эрүүл мэнд гэдэг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор хүн зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн байдлын сайн сайхан байдлын цогц бүрдэл  юм.

Эрүүл байхын тулд:

  • Биеийн эрүүл мэнд
  • Сэтгэцийн эрүүл мэнд
  • Нийгмийн эрүүл мэндийн талаас олон хүчин зүйл нөлөөлдөг.

Биеийн эрүүл мэндийн хэмжүүр:

  • Зөв зохистой хооллох
  • Зөв хувцаслах
  • Орон байртай байх
  • Эрүүл мэндээ хамгаалах
  • Осол гэмтлээс хамгаалах

Сэтгэлзүйн эрүүл мэндийн хэмжүүр

  • Бие биенээ хайрлах
  • Итгэлцэх
  • Бие биенээ хүндэтгэх
  • Өөрийгөө бусдаар үнэлүүлэх
  • Бусадтай нийлэмжтэй байх

Нийгмийн эрүүл мэндийн хэмжүүр:

  • Гэр бүлийн гишүүн байх
  • Нийгэм хамт олны нэг байх
  • Гэр бүл, найз нөхдөөсөө дэмжлэг авах
  • Сэтгэлээ хуваалцах найз нөхөдтэй байх
  • Бүтээлч ажилчин байх
  • Олон нийтийн ажилд оролцдог байх
  • Нэр хүндтэй байх
  • Хариуцлагатай эхнэр, нөхөр байх
  • Хариуцлагатай эцэг, эх байх

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ерөнхий ойлголт

Эрүүл хүнЯмар нэг сэтгэцийн эмгэггүй, амьдарч буй нийгэм хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицох чадвартай, өөрийн бүх чадваруудаа бүрэн дайчилж, үр дүнтэй ажиллаж, нийгэмдээ зохих хувь нэмэр оруулж буй хувь хүнийг хэлнэ.

Сэтгэц нийгмийн тулгамдсан асуудалтай хүнНийгэм-сэтгэлзүйн гаралтай, зохистой шийдвэрлэх шаардлагатай сэтгэцийн түр зуурын хямралд өртсөн хувь хүнийг хэлнэ.

Сэтгэцийн эмгэгтэй хүнӨвчний олон улсын Х ангиллын V бүлгийн “Сэтгэцийн болон зан үйлийн эмгэгүүд” хэмээх бүлэгт заасан оношлолтын шалгуураар оношлогдож болох өвчнөөр оношлогдсон хувь хүнийг тус тус хэлнэ.

ДЭМБ-ын тооцоо судалгаагаар өнөөдөр дэлхий дахинаа хүүхэд, өсвөр үеийнхний 20% нь буюу 5 хүүхэд тутмын 1 нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байгаа бөгөөд ихэнхи сэтгэцийн эмгэг хүүхэд, өсвөр насанд эхлэн илэрдэг байна гэжээ.

Монгол Улсын хүн ам 2017 онд 3.177.899 болж өссөн бөгөөд нийт хүн амын 37.8 хувийг 0-19 насны хүүхэд эзэлж байна.

ДЭМБ нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын тэн хагас нь 14 наснаас эхэлдэг хэдий ч ихэнхи тохиолдолд оношлогдохгүй, эмчлэгдэхгүй байна гэж онцлон тэмдэглэсэн.

Хүний амьдралын мөчлөг

Хүний амьдралын мөчлөгийн тодорхойлолт: Бэлгийн эс хөгжих үеэс эхлэн нас нөгцөх хүртэл хугацаанд явагдаж байгаа хүний бие сэтгэцийн хөгжлийг онтогенез буюу нэгэн биеийн түүхэн хөгжил гэдэг.

Онтогенез хөгжлийг:

  • Төрөхийн өмнөх
  • Төрсний дараах

Хүний амьдралын мөчлөг: Хэд хэдэн үе шатанд хувааж болно. Үе шат болгон тодорхой биологи, сэтгэлзүй болон нийгмийн онцлог байдалтай байдаг.

Тухайн хувь хүн энэ бүх үе шатыг дэс дараатай, амжилттай давж чадвал өөрөөр хэлбэл хөгжлийн тодорхой зорилтуудыг биелүүлж явбал тухайн хүн сэтгэцийн хувьд саруул, тогтвортой байх бүрэн үндэслэлтэй.

Нөгөө талаар хүний амьдралын ямар нэгэн үе шатанд сэтгэл түгшээсэн үйл явдал тохиолдвол хөгжлийн нэг үе шатаас нөгөөд шилжихгүй байх (Фиксаци) түрүүчийн үе шатанд эргэж орох (Регресс )болно.

Үүнээс болж сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудал цаашлаад сэтгэцийн эмгэг үүсэх магадлал их байдаг.

Дараах үе шатанд хуваадаг.

  • Нялх үе (18 сар хүртэл)
  • Бага нас (18сар- 3 нас)
  • Сургуулийн өмнөх нас (3-6нас)
  • Хүүхэд насны хожуу үе (6-11нас)
  • Өсвөр үе (12-17нас)
  • Залуу үе (18-21нас)
  • Идэр үе (21-35нас)
  • Дунд насны үе (36-60нас)
  • Хөгшрөлтийн үе (61нас түүнээс дээш)

Хүүхэд гэж хэн бэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 0 -19 насыг “хүүхэд” гэж үнэлдэг.

Тухай орны ёс заншил, хөгжлийн түвшин, хуулийн онцлогоос шалтгаалан янз бүрээр тогтоож байна.

Монгол улсад 0-18 насыг хүүхэд гэх бөгөөд эрүүгийн хуулинд 14 наснаас мэдүүлэг өгөх эрхтэй, гэр бүлийн хуулинд 18 настай гэрлэж болно гэж заасан байдаг.

Нэгдсэн үндэсний байгууллагаас 12 нас хүртэл “хүүхэд үе” гэж тодорхойлсон байна.

Хүүхдийн бие махбодийн хөгжил, бүтэц, үйл ажиллагаа нь насанд хүрэгчдийнхээс ялгаатай байдаг бөгөөд сэтгэцийн онцлог нь насны үечлэлтэй холбоотойгоор өвөрмөц өөр бөгөөд эмгэгийн үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг явц нь харилцан адилгүй байна.

Эрүүл хүүхэд гэж хэн бэ?

Хүүхэд бий болохоос өмнө эцэг эх нь бие болон сэтгэцийн хувьд эрүүл байхаас гадна хүүхэд төрөхийн өмнөх үе, төрөх үе, төрсний дараах үеийн хөгжил хэрхэн явагдсантай шууд холбоотой байдаг.

Нялх үе 0-18 сар
Биеийн хөгжил Нялх хүүхдийн эд эрхтэн мэдрэхүй хөдөлгөөний аппарат эхлэлийн үе шатандаа байдаг учраас хооллох дулаан байх зэрэг биеийн болон биологийн хэрэгцээгээ хангахад бусдын асрамжийг шаардана.
Сэтгэлзүйн байдал Түүний сэтгэл хөдлөлийн хэрэгцээ нь бусдад хайрлуулж  асрамжлуулахад оршино.
Нийгмийн байдал

Үр дүн:

Нялх хүүхэдтэйгээ симбиоз харилцаатай байдаг.  Өөрөөр хэлбэл эх нь нярайг хооллож, түүний сэтгэл хөдлөл биологийн хэрэгцээг хангаж байна.

Нөгөө талаас нялх хүүхэд эхээрээ тэжээлгэж хараат байдалтай байдаг. Цаашдаа эх болон орчин тойрноосоо тусдаа бие хүн гэдгээ мэдэрч эхэлдэг. Итгэх хандлагатай болдог.

Бага нас 18 сараас 3 нас
Биеийн хөгжил Хүүхэд явах, ярих чадвартай болдог. Мөн өөрийн шээх, баах үйлдлийг хянаж чаддаг болно.
Сэтгэлзүйн байдал Шинэ чадварыг эзэмшсэнээр эцэг, эхийнхээ зааврыг дагах болдог. Мөн түүний хүссэн хэрэгцээ хангагдаагүй тохиолдлыг ч тэсвэрлэх чадвартай болно.
Нийгмийн байдал Бие дааж хөдлөх чадвартай болсноор орчин тойрныг нээж, шинжиж эхлэх боловч, түүнийг аюулгүй байдлын үүднээс тодорхой хязгаар тогтоох шаардлагатай. Мөн хүүхдэд тодорхой хэмжээгээр өөрийгөө хянах шаардлага тавигдана.
Үр дүн: Өөрийгөө хянах, бие даасань орчноосоо тусдаа байгааг ухамсарлаж, өөртөө итгэх чадвартай болдог.
Сургуулийн өмнөх үе 3-6 нас
Биеийн хөгжил Өөрийн бэлэг эрхтэний талаар тодорхой ойлголттой болох, түүнийг өдөөсөн, сэтгэл хөдөлгөсөн зүйлд

хариу өгөх чадвартай гэдгээ мэднэ.

Сэтгэлзүйн байдал Эрэгтэй хүүхэд эхэндээ ээждээ ааваас илүү хайрлуулах гэж өрсөлдөн аавдаа дургүйцэх сэтгэгдэл төрнө. Харин эмэгтэй хүүхэд ээжийгээ өрсөлдөгч гэдгээр хүлээн авч түүнд дургүйцэх сэтгэгдэл төрнө.
Нийгмийн байдал Гэр бүлийн харилцаанд хүүхэд, түүний эцэг эх оролцоно.Эцэг эх нь тэр бүр наалдаад байхаа аажимдаа болино.Хүүхэд өөрийн эсрэг хүйсийн эцэг, эхийг мөрөөдөх сэтгэл бүтэлгүй байгааг ойлгож, эротик хүслээ больж, эрэгтэй хүүхэд аав шигээ, эмэгтэй хүүхэд ээж шигээ байхыг хичээнэ.
Үр дүн: Ямар хүйстэй болохыг ойлгож, дараах асуултанд хариулж чаддаг болно.

Эрэгтэй \ эмэгтэй хүнд биеийн ямар шинж тэмдэг байдаг вэ?

Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүн ямар үүрэгтэй байдаг вэ?

Хүүхэд насны хожуу үе 6-11 нас
Биеийн хөгжил Цаашдын өсөлт хөгжил явагдах боловч бэлгийн сонирхол буюу идэвхи удаан явагдана.
Сэтгэлзүйн байдал Ижил хүйсийн хүүхдүүдтэй хамт байх, тэдгээрийн дунд хүлээн зөвшөөрөгдөж үерхэх мэдрэмж төрнө. Охидууд охидтойгоо, хөвгүүд хөвгүүдтэйгээ хамт байна.
Нийгмийн байдал Хүүхэд сургуульд орж, түүний өмнө шинэ шаардлага гарч ирнэ. Хүрсэн амжилтаа дүгнэн бодож тэрээр бусадтай харьцахад цаг их зарцуулна. Мөн тэрээр орчин тойрныхоо талаар их зүйлийг сурч оюун санаа нь хурдацтай хөгжинө.
Үр дүн: Улам бүр хичээнгүй шургуу болж өөрийнхөө хийсэн зүйлээр бахархах мэдрэмж хөгждөг.
Өсвөр үе 12-17 нас
Биеийн хөгжил Дууны өнгө өөрчлөгдөх, өсөлт хурдсах, хөх ургах зэрэг бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илэрч цаашдаа бэлгийн бойжилт явагдана.
Сэтгэлзүйн байдал Эцэг эхээсээ тусдаа бие даасан байдалтай болохын төлөө тэмцэл явагдана, эсрэг хүйсний хүнтэй ойр дотны харилцаа тогтоох чадавхитай болно, сэтгэл хөдлөлөө илүү сайн хянах чадвартай болно.
Нийгмийн байдал Эцэг эхийн хамаарлаас гарч, тусдаа бие даасан байдалтай болохын төлөө тэмцэх явцдаа тэдний номлол, зан үйлийн стандартыг эсэргүүцэн үе тэнгийнхний зан үйлийг дагах буюу түүндээ захирагдах хандлагатай болно. Мөн эсрэг хүйсний хүнд татагдаж, ойр дотны харилцаа тогтоох эрмэлзэлтэй болно.
Үр дүн: Эцэг эхээсээ тусдаа бие даасан байдалтай байх, ямар хүсэнд хамаарагдаж байгаагаа ухамсарлах, сэтгэл хөдлөлөө хянах зэрэг чадвар нь улам бүр төлөвшинө.
Залуу үе 18-21 нас
Биеийн хөгжил Бэлгийн бойжилт явагдана.
Сэтгэлзүйн байдал Бие хүн болон нийгмийн хооронд, нийгмийн стандарт, дүрэм журмыг хүлээн авах эсэх талаар тэмцэл явагдана.
Нийгмийн байдал Насанд хүрсэн хүний амьдралд орох нь нийгмийн стандарт, дүрэм журман дээр үндэслэн тодорхой үүрэг, хариуцлага, зан үйлтэй байхыг шаардана.
Үр дүн: Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ мэдэрнэ.Тэрчлэн нийгэм хамт олныхоо нэг хэсэг нь болохоо мэдэрч эхлэнэ.

ХIX зууны суут сэтгэгч, сэтгэл зүйч, сэтгэцийн эмч З.Фрейд сэтгэц бэлгийн хөгжлийн онолдоо :

1. Амны үе шат: 0-18 сар

  • ам
  • уруул
  • хэл
  • хоолой
  • хоол боловсруулах замын эхний хэсэг

Аман үеийн гэмтлийн үед сэтгэл гутрал, мансуурах донтох эмгэгүүд, сандрах эмгэг, айдсууд, хэт өөдрөг үзэл эсвэл хэт гутранги үзэлтэй болдог. Өлсөх, цангах, хөхөх, залгих ба ходоод хоолоор дүүрэх үед үүсэх мэдрэмжүүд нь хүүхдэд өөрийгөө мэдрэх болон өөрийгөө илэрхийлэх арга хэрэгсэл болдог.

2. Хошногоны үе шат: 18 сараас 3 нас
Хошногоны амсрыг хянах чадвар бий болох, баас хүрэх, баасаа хураах зэрэг мэдрэмжүүд үүсдэг. Хошногоны үедээ сэтгэл хөдлөлийн мэдрэмж сууж өөрийгөө жолоодох, эцэг эхээсээ өөр гэдгээ мэдэх, өөрөө бие даах, үгүй гэж хэлж сурсан байдаг.

3. Бэлэг эрхтний үе: 3-6 нас

  • Хүйсээ ижилсүүлэх мэдрэмж
  • Бэлэг эрхтнээ ухаарах ухамсар 2 бүрэлдэн тогтоно.
  • Бэлэг эрхтний үед бэлгийн чиг баримжаа тогтоно. Сэтгэл зүйн хөгжилд 0–5 нас хамгийн чухал байдаг.

4. Эдипийн үе шат:

Эдипийнхний бүрдэл гэдэг нь эцэг, эх, хүүхдийн хоорондын будлианыг тайлбарласан психоанализын онол . Энэ зөрчил нь эцгийгээ эсвэл эхийгээ дангаар эзэмших гэсэн бага насны хүүхдийн будлиан юм.

5. Далд үе 6-12 нас:

Бэлгийн хөгжлийн харьцангуй нам гүм үе шат юм.

6. Бэлэг боловсролын үе шат: Өсвөр насны үе орно.

Эриксоны үзэл баримтлал

Насны ангилал Зан үйл, зонхилох үйл ажиллагаа Тайлбарлал, шинэ бүрдэл
1  

 

Нялх нас

 

 

 

0-1 нас

 

 

Итгэх ба эс итгэхийн суурь мэдрэмжийн зөрчил

Энэ насны хөгжил нь нялх хүүхдийг хэрхэн асарч байгаагаас шалтгаална. Хүүхдийн хэрэгцээг ханган түүнд байнгын анхаарал, халамжтай хандаж чадвал хүүхдэд итгэл төрж, хорвоо ертөнц бол аюулгүй найдвартай юм гэсэн мэдрэмж төрдөг. Нөгөө талаас хүүхдийг хүрээлэн байгаа орчин нь зөрчилтэй, хүүхдэд түгшүүр айдас, зовлон гуниг авчирч байвал тэрээр амьдралыг мөн л тийм байдлаар тусгаж авна. Энэ тохиолдолд хүүхэд бусдад үл итгэх мэдрэмж төрж болно гэж Эриксон үзжээ. Итгэх ба эс итгэхийн хоорондын эхний зөрчил эхний жилдээ ч тэр, хоёр дахь жилдээ ч шийдвэрлэгдэлгүй хоцорч болно гэдэгт энэ онолын үндсэн таамаглал оршдог.
2  

 

Балчир нас

 

 

 

1-3 нас

 

 

Тусгаар байдал ба ичих эргэлзэхийн зөрчил

Дээр яригдсан суурь итгэлийн мэдрэмж буй болсноор хүүхэд тусгаар бие даасан байдалтай болж, өөрийгөө хянах, ичих, эргэлзэх байдалд орохоос зайлсхийх чадвар эзэмших урьдчилсан нөхцөл бүрдэнэ. Өөрийгөө үнэлэх чадвараа гээлгүйгээр өөрийгөө хянах чадвартай болох нь чөлөөт сонголтыг идэвхтэй хийж сурах эх сурвалж нь болдог. Хүүхэд удаа дараа бүтэлгүйтэж, үүнийх нь төлөө түүнийг салан, тэнэг гэх мэтээр зэмлэж шийтгэдэг бол хүүхэд өөрөөсөө ичиж, хүч чадалдаа эргэлзэх сэтгэгдэл төрдөг.
3  

 

Тоглоомын нас

 

 

 

4-6 нас

 

 

Санаачилга ба буруугаа мэдрэхийн зөрчил

Энэ бол өөрсдийг нь хүн гэж харьцаж байна, амьдрал бол тодорхой зорилготой байдаг гэдгийг мэдрэх үе юм. “Би”-гээ ирээдүйн “Би”-тэй адилтган үзэх үзэл нь тоглоомын насны үед хүүхдэд бий болж буй гол мэдрэмж юм. Орчноо таних гэсэн тэдний ажиллагаа нь үр дүнтэй байвал тэд эд юмс, хүмүүстэй зөв харилцаж сурдаг ба санаачилга сайтай болдог. Харин хүүхдийг байнга шүүмжлэн шийтгэвэл зан үйлийнхээ төлөө өөрийгөө буруутган гэмших сэтгэл төрнө.
4 Сургуулийн нас

 

6-12 нас

Хөдөлмөрлөх дур сонирхол ба дутуу дулимагийн зөрчил Хүүхдийн логик сэтгэлгээ, сахилга дэг журам, тодорхой дүрэм горимын хүрээнд үе тэнгийнхэнтэйгээ харьцах чадварууд сайжран хөгжих шат юм. Аль ч тохиолдолд хүүхэд өөрийнхөө соёл иргэншлийн ёс зүйн технологийг мэдрэх мэдрэмж нь сайжирч, юуг яаж хийх ёстойг ойлгож уг ойлголттойгоо өөрийн байдлаа адилтгаж жишиж эхэлдэг байна. Энэ ч үүднээс хүүхдэд хөдөлмөрт дурлах мэдрэмж бий болдог. Хүүхдийн эрхэм чанарыг жинхэнэ мэдлэг чадвараар нь биш яс үндэс, эдийн засгийн байдлаар нь үнэлж байна гэдгийг хүүхдүүд олж мэдвэл тэдэнд дутуу дулимагийн мэдрэмж бий болно.
5  

 

Залуу нас

 

 

 

12-20 нас

 

 

Адилтгал ба үүргүүд холилдохын зөрчил

Энэ насны хүүхдийн зорилго нь хөгжлийнхөө энэ үеийг хүртэл өөрт нь бий болсон зүйлүүдийг нэгтгэн өөрийнхөө талаарх ойлголтыг зангидан “Би-гийн талаарх цогц ойлголтыг бий болгож “Би-адилтгалтай болоход оршдог. Сурагч, найз нөхөд, бүлэг хамтлагийн гишүүн гэх мэт олон үүргүүдийг нэгэн зэрэг гүйцэтгэх юм байна гэдгээ мэдэрдэг. Хэрвээ өсвөр үе залуучууд өөрийгөө зөв таньж, гол гол үүргүүдээ хооронд нь уялдуулан нэгтгэн зангидаж чадахгүй дотоод зөрчилд орвол “Би”- адилтгал нь сарниж түүний гүйцэтгэх ёстой олон үүргүүд хоорондоо холилдон зөрчилдөнө. Адилтгалыг шийдвэрлэж чадаагүй охид хөвгүүдэд бие хүний тодорхойгүй байдал төлөвшинө.
6  

 

Ид насны эхэн үе

 

 

20-25 нас

 

 

Дотносох ба зожигрохын зөрчил

Бусад ойр дотно харилцаа тогтоход нийгмийн талаасаа болон бэлгийн бойжилтын хувьд бэлэн болсон байдаг. Өөрийн бодол санаандаа хэт дарагдан өөрийгөө анхаарч бусадтай харилцахаас зайлсхийж эхэлвэл хөгжлийн энэ шатан дээр маш аюултай гэж Эриксон үзжээ. Тайван итгэлтэй дотно хаилцааг бусадтай тогтоож чадахгүй бол хүн ганцаардан тасарч, зожиг болдог. Ганцаардмал хүмүүс нь бусадтай ёс төдий харилцдаг байна.

Маслоугийн хэрэгцээний 8 шатлалын онол:

Ээнэгшлийн онол: (JOHN BOWLY)

  • Хамгаалагдсан ээнэгшил (Secure attachment): Хүүхэд асран хамгаалагчаа өөрийг нь хамгаалах гол хүн хэмээн тооцдог.
  • Хамгаалалтгүй, зугатах ээнэгшил (Insecure avoidant- attachment): Хүүхэд асран хамгаалагчаа хамт байхад түүнээс зугатах, хол байхыг эрмэлзэх хандлагатай.
  • Хамгаалалтгүй, түгшимтгий ээнэгшил (Insecure – anxious attachment): Хүүхэд асран хамгаалагчтайгаа байнга хамт байхыг эрмэлзэн, үргэлж салахгүй зууралдах, түүнээс түр салахад сэтгэл санаа нь тайван бус болж хямрах хандлагатай.
  • Зохион байгуулалтгүй ээнэгшил (Disattachment): Хүүхэд асран хамгаалагчаасаа айх, түүнийг танихгүй мэт аашлах эсвэл өөр сонин хачин, этгээд зан авир гаргах хандлагатай.

Хүүхдийн сэтгэцийн асуудлууд:

Насанд хүрэгчдийнхээс дараах байдлаар ялгаатай. Үүнд:

  • Хүүхдийн бие махбодийн болон сэтгэлзүйн бүхий л хөгжил, эсэн мэнд байдал нь түүний гэр бүл, асран хамгаалагч нараас нь хамааралтай байдаг.
  • Сэтгэц бэлгийн хөгжлийн үе шатууд хэрхэн явагдсан байдал
  • Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ хийх тохиолдол харьцангуй бага
  • Хүүхэд өөрийгөө үгээр илэрхийлэх нь бага.
  • Хүүхэд насандаа сэтгэцийн эмгэгээр өвчилсөн хэдий ч насанд хүрсэн хойноо сэтгэлзүйн хувьд тогтвортой хүн болох нь түгээмэл байдаг. Гэвч зарим цөөн тохиолдолд тухайн хүүхдийн сэтгэлзүйн хямрал нь бүхэл амьдралынх нь турш түүнд болон түүний гэр бүлд төвөгтэй байдлыг үүсгэсээр байх нь бий.

Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!