Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх эмгэг гэж юу вэ?

Хүүхэд ээжийнхээ хэвлийд байхдаа хуруугаа хөхөж эхэлдэг.

Хүүхэд ихэвчлэн хэл яриа идэвхтэй хөгждөг 2-4 насанд хуруугаа хөхөж эхэлдэг ба энэ нь цаашид байнгын зуршил болох хандлага түгээмэл байдаг.

Энэ бол 1-11 насны хүүхдэд үүсдэг зуршилт эмгэг. Сэтгэл түгших буюу сэтгэлийн тааламжгүй хөдлөл үүсэх үед хүүхэд хар аяндаа, өөрийн мэдэлгүй, гэнэт хуруугаа хөхөх эсвэл хумсаа мэрэх замаар тайвширдаг.

Шалтгаан:

  • Биеийн болон оюуны хэт ачаалал
  • Хүүхдийн айдас
  • Шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууд
  • Өөртөө итгэлгүй байх
  • Сэтгэл түгшилт, сэтгэл гутрал
  • Өөрийгөө анзаарч хайхрахгүй байгааг анзаарсан мэдрэмж
  • Эцэг эхийн амжилт гаргахыг шаардсан шахалт зэрэг нь хүүхэд сэтгэл санааны дарамтад ороход нөлөөлдөг байна.

Хор уршиг:

  • Эрүү шүдний бүтцэд сөргөөр нөлөөлж, хэл ярианы бэрхшээлтэй болгоно.
  • Хүүхдийн дээд эрүүний хэлбэр болон тагнайн хэвийн хөгжил алдагдан хонхор үүснэ.
  • Дээд шүд нь доод шүдэндээ бүрэн гүйцэд хүрэхгүй болно.
  • Хүүхэд шүднийхээ нэг талаар хаздаг болж шүдний зөрүү буруу хазалт үүснэ.
  • Хүүхдэд амны хөндийн хэвийн хөгжил алдагдаж, дээд доод эрүүний гажиг буюу шаамий, орсгой, хазгай шүдтэй болдог.

Эцэг эхэд өгөх мэдээлэл:

  • Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх зуршлыг шууд болиулах гэсний хэрэггүй, хүүхэд тань өөрөөр тайвшрах аргыг олтол нь хүлээж, хүүхдэд өөрөө шийдвэр гаргах боломжийг олгоорой.
  • Аажим аажмаар оролдож, эцэг эхээс багагүй цаг хугацаа, чармайлт, тэвчээр шаардах болно.
  • Ялангуяа 5-6 нас хүртлээ уг зуршлаас салж чадахгүй бол сургуульд орох үед үе тэнгийнхэн шоолох, гадуурхах байдал нэмэгдэн хүүхэд өөрөөсөө ичнэ.
  • Улмаар хүүхэд хичээлдээ явах дургүй, сурах сонирхолгүй, ичимхий бүрэг, өөртөө итгэлгүй болно.
  • Та эхлээд хүүхэд маань хэзээ, хэр давтамжтайгаар, ямар үйл гүйцэтгэхдээ, ямар нөхцөл байдалд хуруугаа хөхөж эсвэл хумсаа мэрэж байгаа нь ажиглагдав гэдгийг тогтоохыг хичээгээрэй.
  • Хүүхэддээ хуруугаа хөхөх, хумсаа мэрэх нь буруу зуршил гэдгийг сайтар тайлбарлаж, яагаад болохгүй, ямар үр дүнд хүрэх талаар дэлгэрэнгүй ярилцах нь хамгийн зөв арга.
  • Олон нийтийн газар хуруугаа хөхөх эсвэл хумсаа мэрэхийг нь хориглож, гэртээ болон айж сандарсан, гэмтсэн, өвдсөн үед зуршлыг нь хязгаарлахгүй байвал зохино.
  • “Битгий ингээд бай”, “Ахиж тэгэж болохгүй гэж хэлсэн биздээ” гэх зэргээр хүүхдэд хатуу ширүүн хандаж, шийтгэж хэрхэвч болохгүй. Хүүхэд таниас айснаас болж таны нүдэнд хөхөхгүй, мэрэхгүй боловч нууцаар хийдэг болохыг анхаарна уу!
  • Эцэг эхчүүд үүнийг болиулах гэж хуруунд элдэв муухай амттай зүйл түрхэж, бээлий өмсгөдөг. Энэ нь тэднийг улам айлгаж далд түгшүүрийг бий болгож хөхөх, мэрэх байдлыг улам ихэсгэдэг.
  • Хүүхдийнхээ хайртай үлгэрийн, хүүхэлдэйн киноны баатрыг хуруугаа хөхөж байна уу? хумсаа мэрэж байна уу? гэж асуугаарай. Мэдээж хайртай баатар нь тэгдэггүй тул хүүхэд тань түүнийг даган дуурайх гэж хичээх болно.
  • Хүүхэд сэтгэлзүйн бэлтгэлтэй болсон үедээ өөрөө аяндаа хуруугаа хөхөх, хумсаа мэрэхээ больдог учир эцэг эх тэвчээртэй байж, хэт хүчлэх тусам олон сөрөг үр дагавар үүсч болохыг үргэлж санаарай.
  • Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!

Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!