Стрессийн хариу урвал

Стрессийг хэрхэн давах туулахыг суралцахын өмнө стресс үүсгэх нөхцөл байдалд бидний бие махбодь хэрхэн хариу үзүүлдэг болохыг ойлгох нь маш чухал юм. Стресс нь даралт ихсэх, булчингийн чангарал, чичрэх, хоол боловсруулахад асуудалтай болох, нойргүйдэл, уур бухимдал, сэтгэл гутрал зэрэг олон эмгэг үүсгэх чадвартай.

Хүний бие сөрөг стрессийн нөхцөл байдалд орлоо гэсэн мэдээлэл тархины “амигдала” гэх хэсэгт ирнэ. Тархины энэ хэсэг нь сэтгэл хөдлөлийг зохицуулдаг. Ингээд “амигдала” аюултай байдлын мэдээллийг хүлээн авч, цааш нь хувирган тархины өөр хэсэг болох “гипоталамус” руу дамжуулдаг. Гипоталамусыг удирдлагын төв гэж ойлгож болох ба хүний биеийн автомат мэдрэлийн тогтолцоог зохицуулдаг. Автомат мэдрэлийн тогтолцоо нь хүний биеийн хэвийн үйл ажиллагаа болох амьсгалах, цусны даралт, зүрхний цохилт, цусны судасны агшиж тэлэх үйл ажиллагаа, уушгинд дах жижиг мөгөөрсөн хоолойн үйл ажиллагааг зохицуулдаг.

Автомат мэдрэлийн системийн 2 бүрдэл хэсэг

  • Симпатик мэдрэлийн систем

Симпатик мэдрэлийн систем нь бие махбодийг аюултай, сөрөг стрессийн нөхцөл байдалд орох үед биеийг эрч хүчээр хангаж, “Тэмцэх эсвэл Зугтах” гэсэн байдлаар хариу үйлдэл үзүүлдэг. “Тэмцэх эсвэл Зугтах” үйл явцыг ойлгох нь аюултай нөхцөл байдалд ороход бид түүнд хэрхэн тохирсон хариу үйлдэл үзүүлдэг тухай мэдэж авна. Симпатик мэдрэлийн систем нь бидний зүрхний цохилт, цусны урсгал, цусны даралт, цусны сахар, амьсгал, бодисын солилцоо болон хоол боловсруулалтанд хурдан нөлөө үзүүлдэг.

  • Парасимпатик мэдрэлийн систем

Харин парасимпатик мэдрэлийн систем нь яг л тоормос шиг. Аюултай нөхцөл байдал өнгөрсний дараа бие махбодийг тайвшруулж, тайван байдлаар хариу үйлдэл үзүүлнэ. Богино хугацааны бага стрессийн дараа бие махбодь парасимпатик мэдрэлийн тогтолцооны тусламжтай хэвийн байдалдаа эргэж ордог юм.

“Тэмцэх эсвэл Зугтах” хариу үйлдэл

Хэрэв стресс үүсгэгч үргэлжилсээр байвал архаг стресст шилжихийн зэрэгцээ нэмэлт дааврууд ялгарч (кортизол) эхлэх ба уг дааврын нөлөөгөөр бие махбодь байнгын түгшүүрийн байдалд ордог.

Таван үе шат

Анх хавдартай гэсэн оношийг сонссон цагаас хойш өвчтөн бүр сэтгэлзүйн 5 үе шатыг дамждаг гэж үздэг. Та өөрийгөө аль үе шатанд байгаагаа олж мэдээрэй.

  1. Үгүйсгэх үе шат – айж сандрах, цочирдох, тэвдэх
  2. Уур хүрэх үе шат – уур бухимдал төрөх, цухалдах, сэтгэл түгших, хямрах
  3. Арга хайх үе шат – эмч, гэр бүл, найз нөхөдтэй ярилцах, зөвлөх, тодорхой шийдвэр гаргах, тусламж үйлчилгээ авах
  4. Сэтгэл гутрах үе – шат аливаа зүйлд идэвх сонирхолгүй болох, ирээдүйд итгэх итгэл найдвараа алдах
  5. Эвлэрэх үе шат – шинэ төлөвлөгөө гаргах, эргэцүүлэн бодож, хавдартай гэсэн оношоо хүлээн зөвшөөрч эвлэрнэ.