СТРЕСС БА ХАВДАР
“Та хавдартай болжээ” гэсэн мэдээг сонсоод өвчтөн болон түүний ар гэрийнхэн сөрөг стресст өртөх нь мэдээжийн хэрэг. АНУ-ын Хавдрын үндэсний цогц сүлжээ байгууллага нь “Сөрөг стрессийн менежмент” удирдамжиндаа “Өвчтөн хавдрын үед илэрч байгаа шинж тэмдгүүд болон хавдрын эсрэг эмчилгээг үр дүнтэй даван туулахын тулд сэтгэлзүйн (танин мэдэхүй, төрх үйл, сэтгэл хөдлөл), нийгмийн, бие махбодийн олон таагүй нөхцөл байдлуудтай нүүр тулна” гэж үздэг.
Стресс нь олон хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн хүнд олон янзаар илэрч болно.
- Бие махбодийн таагүй байдал – хавдраас шалтгаалсан олон зовиур үүснэ.
- Бие махбодийн таагүй байдал – хавдрын эмчилгээнээс (хими эмчилгээ, цөмийн эмчилгээ, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ) шалтгаалан шинээр зовиур нэмэгддэг.
- Шинжилгээ ба эмчилгээнүүд – шинжилгээний хариу, эмчилгээний үр дүнг үргэлж хүлээх шаардлага тулгардаг.
- Хувь хүний чанар ба харилцаа холбоо – хуучин байснаас өөрчлөгддөг.
- Гашуудлын мэдрэмж – хавдар оношлогдохоос өмнөх амьдрал, мөн таны төсөөлж байсан амьдрал хавдраас шалтгаалан өөрчлөгдсөнөөс сөрөг мэдрэмжүүд төрнө.
- Өөрийгөө хуурах мэдрэмж – өөрийгөө эрүүл, миний бие зүгээр гэж итгүүлэхийг хүснэ.
- Санхүүгийн байдал, ажил болон гэр бүл – эмчилгээ, эдгэрлээс шалтгаалан хуучин байснаасаа дорддог.
- Эмчилгээний үр нөлөө – эмчилгээнээс шалтгаалан өвчтний биед таагүй өөрчлөлтүүд (үс ихээр унах, турах гэх мэт) гарна.
- Сэтгэл гутрал ба байнгын санаа зовинол – өвчтөний эрүүл мэнд эмчилгээний дараа сайжирсан ч сэтгэлзүйн сөрөг мэдрэмжүүд байсаар байж болдог.
- Айдас болон уйтгар гуниг – хавдар гэх онош сонссон өдөр, эмчилгээтэй холбоотой тэмдэглэлт өдрүүд (хагалгаанд орсон, эмчилгээ эхэлсэн) болоход сэтгэлзүйд таагүй байдал дахин үүсч болно.