ХАВДАРТАЙ ЭМЧЛҮҮЛЭГЧ, ТЭДГЭЭРИЙН АР ГЭРИЙНХЭНД ЗОРИУЛСАН СТРЕСС МЕНЕЖМЕНТИЙН ЧАДВАРУУД

Хувь хүний сайн сайхан байдал нь бие махбодь, оюун ухаан, сүнслэг чанарын (оршихуй) тэнцвэрт байдлаас бүрдэнэ. Мөн стрессийг хэрхэн даван туулах нь хувь хүний дараах хүчин зүйлсээс хамаардаг.

Гэвч зарим хүчин зүйлс нь хувь хүний шууд хяналтанд байх боломжгүй байдаг. Хүн бүр амьдралынхаа хугацаанд стрессийг ямар нэгэн байдлаар мэдэрсэн туршлагатай байдаг ба хүмүүс стрессийг даван туулах, түүнд хариу үйлдэл үзүүлэх чадвараа нэмэгдүүлэх боломжтой.

Стресс менежментийн чадварууд гэдэг нь даван туулах чадварууд юм. Даван туулах чадвар сайтай хүмүүс сөрөг стресст өртөх нь бага байдаг. Хавдартай өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэн бидний дараагийн дурдах даван туулах чадваруудад суралцаж, хавдар болон эмчилгээтэй холбоотой стресстэй нүүр тулах үедээ хэрэглэвэл их ач тустай билээ.

Нотолгоонд суурилсан арга

Урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн, сайн судлагдсан, хэрэглэхэд бодит үр дүнд хүргэдэг нь олон судалгаагаар батлагдсан аргуудыг нотолгоонд суурилсан аргууд гэнэ. Бидний танилцуулах дараагийн аргуудыг сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь стресс бүхий хавдартай өвчтөнүүдтэй ажиллахдаа хэрэглэдэг юм.

Танин мэдэхүй төрх үйлийн сэтгэл засал – Сэтгэл засал эмчилгээний нэг төрөл бөгөөд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойргүйдэлд хүргэж буй өвчтний алдаатай бодол болон үйлдлийг өөрчлөхөд төвлөрч ажилладаг. Танин мэдэхүй төрх үйлийн сэтгэл засал нь өвчтөнийг бүх төрлийн нөхцөл, стресс бүхий үйл явдлыг даван туулах, дасан зохицоход хэрэглэж байгаа маш үр дүнтэй арга техник юм. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, гэмтлийн дараах стрессийн эмгэг, өвдөлт, архаг ядаргаа бүхий хавдартай эмчлүүлэгчид тусалж чадах өндөр үр дүнтэй заслын арга.

 Хүлээн зөвшөөрүүлэх засал – сэтгэл заслын энэ төрөл нь өвчтөний эсрэг тэсрэг бодол болон сөрөг стрессийг даван туулахад тусалдаг. Өвчтөн өөрийнхөө зовлон бэрхшээл, сөрөг бодол, мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөрснөөр сайн сайхан байдалд хүрч чадна гэсэн ойлголт дээр тулгуурладаг байна. Хавдартай өвчтөн дээрх засалд суурилсан хөтөлбөрт хамрагдсанаар сэтгэл хөдлөлийн байдал, амьдралын чанар дээшилж, стресс үүсгэгч хүчин зүйлд сэтгэлзүйн хувьд уян хатан болох зэрэг олон өөрчлөлтүүд гарч байсан.

Тайвшруулах арга техникүүд

Тайвшруулах техник нь бие махбодийг тайвшруулж, оюун санааг чимээгүй тогтуун болгосноор эрүүл мэндийг дэмждэг. Стрессийг анагааж, булчингийн чангарлыг багасган, цусны даралт, өвдөлтийг бууруулахад хэрэглэж болно. Энэ аргуудыг хүүхэд, насанд хүрсэн хэн ч хийж болох ба ялангуяа эмчилгээний үед, хүнд ажилбарын үед эсвэл унтахдаа хэрэглэж болдог.

Гүнзгий амьсгалах буюу Хэвлийн амьсгал – Энэ арга нь амьсгалаа удаан, гүнзгий авахад төвлөрнө. Ингэж амьсгал авах нь хүний биед эерэгээр нөлөөлдөг. Хүн гүнзгий амьсгал авах үед тархинд тайвширч, амрах гэсэн мэдээлэл очдог ба энэ дохиог хүлээж авсан тархи биеийн хэсгүүдэд мэдээлийг илгээдэг учир амьсгалын дасгал нь биеийг амрааж, булчингийн чангарлыг бууруулж, стрессийг анагаахад тусалдаг байна. Амьсгалын дасгал нь нэмэлт хэрэгсэл шаардахгүй, суралцахад хялбар юм.

 Төсөөлөл – өвчтөний оюун бодлын дараалал, эерэг бодлын түүх, сэтгэлзүйн төсөөлөл дээр илүү төвлөрдөг. Энэ техникийг ганцаарчилсан болон бүлгийн байдлаар явуулж болдог ба энэ аргыг хэрэгжүүлэхийг хүссэн хүмүүст зориулсан олон төрлийн апликейшн, бичлэгүүд байдаг.

Эрчимтэй булчин суллах дасгал – Энэ дасгалын үеэр биеийн том булчингуудыг дэс дарааллаар чангалж, суллахын зэрэгцээ дасгалын явцад үүсч байгаа мэдрэмжинд илүүтэй анхаарал хандуулна. Олон хүмүүс энэ дасгалын стресстэй үедээ унтахаас өмнө хийх нь тайвшрахад тусалдаг гэж үздэг.

Цогц анагаах ухаан ба нэмэлт эмчилгээнүүд

Цогц анагаах ухаан гэдэг нь уламжлалт эмчилгээг нэмэлт эмчилгээтэй хослуулан хэрэглэдэг арга юм. Энэ хосолсон эмчилгээ нь хүний биеийн эрүүл мэнд, сэтгэлзүйн эрүүл мэнд, сүнслэг (оршихуйн) эрүүл мэндийг дэмждэг. Энэхүү эмчилгээний төрөл нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, сөрөг стресстэй нүүр тулж буй хавдартай өвчтөнүүдэд үр өгөөжтэй гэдэг нь олон судалгааны үр дүнгээр батлагдсан юм. Өвчтөний эмчилгээний төлөвлөгөөний хэсэгт нэмэлт эмчилгээг санал болгодог эмнэлэг, хавдарын төвүүдийн тоо нэмэгдсээр байна. Учир нь өвчтөн стандартын дагуу хавдрын эсрэг шаардлагатай эмчилгээг авахаас гадна нэмэлт эмчилгээг нэг газраас, нэг дороос зэрэг авах нь өвчтөнд маш их тустай байдаг.

Нэмэлт эмчилгээний дараах төрлүүд нь сэтгэл түгшилт, стрессийг зохицуулахад үр дүнтэй байж болох юм. Мөн эдгээр эмчилгээнүүд нь өвчтөний сайн сайхан байдлыг бүхэлд нь сайжруулахад туслах болно. Бидний дор дурдах нэмэлт эмчилгээний зарим төрлүүд нь олон жилийн туршид эмнэлгийн орчинд хэрэглэж туршилт судалгаагаар үр дүн нь батлагдсан бол зарим нь танд шинэ санагдаж болох юм.

Өвчтөн нэмэлт эмчилгээний аливаа төрлийг эмчилгээндээ оруулахаас өмнө заавал өөрийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй багийнхантайгаа зөвлөлдөх шаардлагатай. Мөн эдгээр эмчилгээнүүд хүн болгонд тохирохгүй ч байж болно. Хэрэв тохирохгүй байвал үр дүнтэй байж болох нэмэлт эмчилгээний өөр төрлийг турших нь зүйтэй.

Зүү – Зүү эмчилгээ нь мянга мянган жилийн турш хэрэглэж ирсэн Хятадын уламжлалт анагаах ухааны нэг томоохон хэсэг юм. Биеийн тодорхой хэсгийн арьсанд маш нарийн зүүгээр хатгах байдлаар эмчилгээг явуулдаг. Зарим тохиолдолд зүүгээ илүү даралттай, эсвэл халааж хэрэглэдэг. Зүү эмчилгээ нь архаг ядаргаа, сэтгэл түгшилт бүхий хавдартай өвчтөнүүдэд илүү үр дүнтэй байдаг нь судалгаагаар нотлогдсон.

Дасгал хөдөлгөөн – Дасгал хөдөлгөөн (алхалт, усанд сэлэлт, сунгалтын дасгал) нь хавдартай өвчтөнүүдийн архаг ядаргаа, сульдлын байдлыг сайжруулж, эрч хүчийг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулдаг болох нь олон судалгаагаар батлагдсан байна. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэг өвчтөнүүд нь дасгал хийдэггүй өвчтөнүүдийг бодвол бага ядарч, сэтгэл гутралд бага өртөж, нойр сайтай байдаг. Хавдрын үндэсний цогц сүлжээ байгууллага нь хамгийн багадаа 7 хоногийн 5 өдөрт 30 минутаар аеробек хийхийг зөвлөдөг. Мөн сунгалтын дасгал багтаахыг зөвлөдөг байна. Зарим өвчтөнүүүд гэрийнхээ ойролцоо 10 минут алхахаас эхлэх хүсэлтэй байдаг бол үлдсэн хэсэг нь үүнээс илүүг хийж чадна хэмээн хэлж чаддаг. Хэрвээ та хөдлөхөд бэрхшээлтэй байдаг бол хөдөлгөөн засалчаас өөртөө тохирсон (сандал дээр сууж байхдаа хийх боломжтой) дасгал хөдөлгөөнийг заалгах боломжтой. Дасгал хөдөлгөөний хөтөлбөрийг эхлэхээс өмнө та эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч багийнхантайгаа зөвлөөрэй.

Ховс – Ховс гэдэг нь сэтгэл засалчийн оролцоотойгоор өвчтөнийг тайвшруулж, ховсдох төлөвт оруулахыг хэлнэ. Ингэснээр сэтгэл засалч өвчтөний анхаарлыг тодорхой бодол, мэдрэмжинд хандуулдаг. Ховсонд орсон үед өвчтөн илүү тайвширч амарч байгаа мэдрэмж төрж, эерэг саналыг хүлээн авахад нээлттэй болсноор сэтгэл түгшилт, стресс, зарим биеийн зовиурууд болох өвдөлт, дотор муухай оргих зэрэг зовиуруудыг бууруулахад тусалж болох юм.

Бариа засал – Судлаачид хавдартай өвчтөнүүдийн сэтгэл түгшилт, архаг ядаргаа, өвдөлт зэрэг шинж тэмдгүүдийг анагаахад бариа засал нь тус болж болох юм гэж үздэг. Бариа засал нь хүний булчинд даралт үзүүлснээр булчингийн чангарал, өвдөлтийг бууруулж, цусны эргэлтийг сайжруулан тайвшруулах нөлөө үзүүлнэ. Бариа засалд хамрагдаж эхлэхээс өмнө та эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч багийнхантайгаа зөвлөх хэрэгтэй.

Бясалгал – Бясалгал гэдэг оюун бодолд төвлөрснөөр ухамсарт байдлыг сайжруулдаг бие махбодь-оюун бодол хоёрын дасгал юм. Бясалгалыг амар амгалан байдалд хүргэх, бие махбодийн тайвшрал, сэтгэлзүйн тэнцвэрт байдлыг дэмжих, сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд хэрэглэж ирсэн урт удаан түүхтэй билээ. Одоогийн байдлаар дэлхий дахинаа хавдартай өвчтөнүүдэд зориулсан хамгийн өргөн судлагдаж байгаа бясалгалын төрлийг “Mindfulness” гэх ба энэ нь хавдартай өвчтөнүүдийн архаг ядаргаа, стресс, сэтгэл түгшилтийг бууруулахад тус болдог.

Хөгжим, урлаг эмчилгээ – Хөгжим, урлагийн эмчилгээ нь өвчтөний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулахад тусалдаг. Хөгжим эмчилгээнд хөгжим сонсох, дуулах, хөгжмийн аянд бүжиглэх зэрэг орно.  Сүүлийн жилүүдэд хавдартай өвчтөнүүдэд хөгжим эмчилгээг хэрэглэх нь түгээмэл болж байна. Хөгжим эмчилгээ нь өвчтөнийг стресс үүсгэгч эмнэлгийн ажилбарын (химийн эмчилгээ, цөмийн эмчилгээ) үеийн сэтгэл түгшилт, стрессийн бууруулахад тусалдаг гэж үздэг. Урлаг эмчилгээ нь аюулгүй орчинд зургийн хэрэгсэл, материалын тусламжтайгаар урлагийн бүтээл хийж, үгээр харилцахад бэрхшээлтэй байгаа өвчтөний мэдрэмжүүдийг илэрхийлдэг. Урлаг эмчилгээ нь өвчтөний өөрийгөө хүндлэх байдлыг нэмэгдүүлж, стресс, сэтгэл түгшилтийг бууруулдаг. Өвчтөн хөгжим, урлаг эмчилгээний үр өгөөжийг хүртэхийн тулд заавал мэргэжлийн уран бүтээлч, хөгжимчин байх шаардлагагүй бөгөөд урлагийн аливаа бүтээл хийх үйл явц нь өөрөө өвчтөнд ашиг тусаа өгдөг.

Тайчи – Тайчи нь Хятадаас гаралтай ба амьсгалын дасгал, биеийн хөдөлгөөн, бясалгалыг хослуулан хэрэглэснээр өвчтөний эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлдэг. Тайчигаар хичээллэх нь өвдөлтийг намдаах, архаг ядаргаа, стрессийг бууруулж, нойрны чанарыг сайжруулдаг.

Иог – Эртний Энэтхэгээс гаралтай бие махбодь болон оюун санааг хослуулсан дасгал юм. Иогийн төрлүүд нь ихэвчлэн биеийн байрлал, амьсгалаа хянах, бясалгалыг хослуулдаг. Иог нь хавдартай өвчтөнүүдийн сэтгэл гутрал, түгшилт, стрессийг бууруулахад тусалдаг байна. Зарим судалгаанд хими, цөмийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдийн сэтгэл түгшилтийг бууруулахад, архаг ядаргааг багасгахад илүү үр дүнтэй гэж үзсэн.

Сүсэг бишрэл – Олон тооны хүмүүст сүсэг бишрэл, залбирал нь стрессийг бууруулах үр дүнтэй байдаг. Зарим хүмүүс өөрийнхөө эсвэл бусдын төлөө, өвчнөө илааршуулахаар оюун бодлоо тайван төлөвт оруулж, чимээгүй орчинд залбирах нь стрессийг бууруулахад тусалдаг.