Аутизм гэж юу вэ?

 

Тодорхойлолт: Аутизм нь нийгмийн харилцааны өөрчлөлт, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, цөөн тооны, дахин давтагдсан, нэг үйлдэл хөдөлгөөн хийх шинж тэмдгээр илэрдэг эмгэг юм.

 

Шалтгаан: Аутизм нь тархины үйл ажиллагааны хямралаас шалтгаалан харах, сонсох, мэдэрч хүлээн авах, танин мэдэх, задлан шинжлэх үйл ажиллагаа алдагддаг. Төв мэдрэлийн систем хөгжих үед ямар нэгэн шалтгаан (тархийг гэмтээдэг хүнд өвчнөөр өвдөх, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн, дэлхийн цаг уурын өөрчлөлт гэх мэт) нөлөөлснөөс үүсдэг хэмээн зарим судлаачид үздэг ч, одоо болтол шалтгаан тогтоогдоогүй байна.

Тоо баримтууд:

Сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа сэтгэцийн эмгэг юм.
Аутизмтай хүүхдүүдийг “Буруу эрхлүүлсэн”, “Буруу хүмүүжилтэй” хүүхэд гэж хүмүүс ташаа ойлголт байдаг. Гэвч энэ нь хүүхэд насанд тохиолддог өвөрмөц эмгэгийн нэг юм.
Аутизм нь18 сартайгаас эхлэн оношлогдох боломжтой.
Судлаачдын мэдээлснээр 68 хүүхэд тутмын 1 нь “Аутизм” – тай байдаг.
Хөвгүүд охидоос 5 дахин их аутизмаар өвддөг.
Аутизмтай хүүхдүүдийн 40% нь ярьж чаддаггүй.
31% нь оюуны хөгжлийн хоцрогдол хавсран тохиолдож болно.
Аутизмыг эмчилдэг эмийн эмчилгээ одоогоор нээгдээгүй байна.

Эцэг эхчүүдэд зориулсан мэдээлэл:

  • Таны хүүхэд 3 нас хүрсэн ч энгийн өгүүлбэрээр ярихгүй байх.
  • Дохио зангаа, нүүрний хувирал, дууны өнгө зэрэг дохионы хэлийг ойлгох чадвар сул байх.
  • Бусадтай нүдээр харилцаа тогтоох чадвар дутмаг байх.
  • Үе тэнгийн хүүхдүүдтэйгээ харилцах, сэтгэл санаагаа хуваалцах, хамтран тоглох чадвар бага байх.
  • Ямарваа нэгэн үйл явдалд сэтгэл хөдлөлөөр хариу үзүүлэхгүй байх
  • Хүний хэлсэн үгийг давтан хэлэх, нэг үйлдлийг /гараа сэгсчих, хойш урагшаа ганхах, найгах, дороо тойрч эргэлдэх гэх мэт/ олон давтан хийх
  • Ихэнхдээ биедээ хүргэх дургүй, чанга дуу чимээнд мэдрэг байх
  • Хүүхдийн орчинг өөрчлөхөд тааламжгүй хандаж, шинэ өөрчлөлтийг хүлээж авахад бэрхшээлтэй.
  • Өөрийн үйлдлээс ямар үр дагавар гарахыг ойлгодоггүй учир заримдаа өөрийгөө гэмтээх байдал /толгойгоо цохих, толгойгоороо юм мөргөх/ илэрдэг.
  • Тоглоомыг зориулалтаар нь тоглодоггүй, тоглоомоо дээш эсвэл хажуу тийш нь өрдөг.
  • Аутизмтай хүүхдүүд мэдрэмтгий байдаг тул эд зүйлсийг байн байн үнэрлэх, дуу гаргах, тэмтрэх зэргээр нэг зүйлд удаан хугацаагаар анхаарлаа хандуулдаг. Хэрэв нэг зүйлийг сонирхвол түүндээ их цаг хугацааг зарцуулдаг.

Аутизмтай хүүхэдтэй хэрхэн харьцах вэ?

Аутизмтай хүүхдийн чадвар харилцан адилгүй байдаг тул бусад хүүхэдтэй харьцуулах шаардлагагүй. Аутизмыг аль болох эрт оношилж, эмчилгээ засалд хамруулснаар хүүхдэд олон эерэг өөрчлөлт гардаг. Эмчилгээ заслыг олон мэргэжилтнээс бүрдсэн багаар /сэтгэцийн эмч, хэл засалч, ахуй засалч, хөдөлгөөн засалч гэх мэт/ үзүүлэх шаардлагатай. Хэдийгээр эмчилгээ засал чухал боловч гэр бүлийн оролцоо хамгийн их нөлөөтэй байдаг.

  • Гэр бүлийн гишүүд Аутизмынталаар зохих мэдлэг, нэгдмэл нэг ойлголттой байх
  • Хүүхдэдээ аль болох олон цагийг зарцуулах
  • Нийгмийн харилцаанд аль болох оруулж, аажмаар дасгах
  • Хүүхдэдээ шинэ зүйл зааж сургахад анхаарал нь сарнихгүй орчин бүрдүүлэх
  • Хүүхдийнхээ чадварт тулгуурлаж алхам алхмаар, давтамжтай, уйгагүй, тэвчээртэй харилцаа тогтоох
  • Хүүхэдтэйгээ цѳѳн үгээр, тодорхой, нээлттэй, найрсаг харилцах
  • Хүүхэдтэй харилцахдаа “ за бол за үгүй бол үгүй” гэсэн зарчмыг баримтлах
  • Хүүхдийг “өвчтэй” гэсэн байр сууринаас аль болох харьцахгүй, хэт эрхлүүлэхгүй байх
  • Хүүхэдтэйгээ “зурган харилцааны арга” – аар ажиллавал илүү үр дүнтэй.

Хаана хандах вэ?

  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхэд өсвөр үеийн клиник – 98983630
  • “Аутизм Монгол-Анд” ТББ, 70134053
  • “Монголын Аутизмын холбоо” ТББ, 99138914, 88002311
  • “Монголын аутизм судлалын хүрээлэн” ТББ, 990102182, 88077809
  • “Шувуу хөгжүүлэгчид” ТББ – аас гаргасан “Шувуу харилцаанд туслах апп” 99076528