ӨСВӨР НАСНЫ МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Мансууруулах бодис бол “тахал” юм…

Дэлхий дээр нийт 12 сая хүн мансууруулах бодисыг тариагаар хэрэглэдэг. Түүнээс 1.6 сая хүн ДОХ/ХДХВ – тай, 6 сая нь “С” вирусын гаралтай элэгний үрэвсэлтэй байна. 29 сая хүн мансууруулах бодисын хараат байдалтай хүн амаас зөвхөн 1/6 эмчлүүлэх хүсэлтэй байдаг.

2015 оны Мэдээлэл судалгаа, хяналт үнэлгээний хэлтсээс гаргасан тайланд дурдсанаар 12-24 насны өсвөр үе, залуучуудын 10.8% нь мансууруулах бодис ямар нэгэн байдлаар хэрэглэж үзсэн, 16.4% нь хэн нэгнээс надад мансууруулах бодис хэрэглэж үзэх санал ирж байсан гэж хариулсан байна.

Өсвөр үе, залуучуудын дунд хийгдсэн судалгаагаар 2.9% – бензин цавуу, 1.8% -каннабис, 0.9% – экстазийг ихэвчлэн найз нөхөдтэйгээ хэрэглэж үзсэн гэж хариулжээ.

Мансууруулах бодис гэж юу вэ?

Хэрэглэхэд уураг тархинд давамгайлан нөлөөлж төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг цочроодог эмнэлгийн бус зориулалтаар тогтмол хэрэглэвэл бие сэтгэцийг эрхшээлдээ оруулах чадавх бүхий эм бодисуудыг мансууруулах сэтгэц идэвхит бодис гэнэ.

Хүүхэд, өсвөр үеийн насанд мансууралд татагдах сэдэл

  • Хөгжилтэй байх сэдлээр
  • Сониуч зандаа хөтлөгдөх
  • Үе тэнгийхнийг дууриах
  • Эсрэг хүйсийн үе тэнгийн хүнтэй дотно болохын тулд
  • Хэрүүл маргаан буюу шийдвэрлээгүй асуудлаас зайлсхийх
  • Эцэг эхтэй таарамж муутай байх
  • Багш нартай таарамж мууутай байх

Нөлөөлөх хүчин зүйл

  • Биологийн хүчин зүйл /архи, мансуурлын хэрэглээтэй гэр бүлд төрсөн, ерөнхий бие хөгжил хоцрогдсон, хэт хөдөлгөөнтөх анхаарлын өөрчлөлттэй, стрессийн шалтгаантай/
  • Сэтгэц нийгмийн хүчин зүйл /сэтгэцийн байдал тогворгүй, эхээс эрт салсан, гэр бүлийн өв тэгш бус байдал, бие хүний хөгжил, таатай байдалд орох эрмэлзэл, бусдыг даган дууриах/

Мансууруулах бодисын хэрэглээнд өртөж болзошгүй өсвөр насны шинж тэмдэг

  • Сэтгэл гутрал, идэвхгүй байх
  • Тайван биш цочромтхой байх
  • Өөрийгөө үнэлэх үнэлэмж догуур байх
  • Түрэмгийлэл ба хэт хөдөлгөөнтөх
  • Тэвчээргүй байдал
  • Таатай байдалд байнга орохыг эрмэлзэх
  • Өвдөлтийг тэвчиж чадахгүй байх, ачааллыг даахгүй байх

Мансууруулах бодис хэрэглэж байж болзошгүй шинж тэмдэг

  • Гадна төрх болон зан үйл нь согтуу байгаа юм шиг санагдуулдаг
  • Ухамсарт ухаан өөрчлөгдөх
  • Зан ааш өөрчлөгдөх
  • Хөдөлгөөн өөрчлөгдөх
  • Хөдөлгөөний эвсэл алдагдах
  • Арьсны өнгө, бүтэц өөрчлөгдөх
  • Хүүхэн хараа өргөсөх, нарийсах
  • Шүлсний ялгаралт өөрчлөгдөх
  • Яриа өөрчлөгдөх

Сэтгэцийн идэвхит буюу мансууруулах бодисыг олон сар жилээр тасралтгүй хэрэглэсний улмаас сэтгэц идэвхит бодисын архаг хордлого үүсдэг. Сэтгэц идэвхит бодисын архаг хордлогыг сэтгэц идэвхит бодист донтох эмгэг гэж нэрлэдэг.

Зөвлөгөө – Асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Хэрвээ та хүүхдээ мансууруулах бодис хэрэглэж байна гэж сэжиглэж байвал эсвэл хэрэглэж байгааг нь олж мэдвэл:

  • Сэтгэлийн хүчтэй цочролд орохгүй байхыг хичээгээрэй. Хэдий танд хэцүү байх ч аль болох тайван байхын эрмэлзэн таны хүүхдэд ч тантай ярилцах хэцүү байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
  • Хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж, тэднийг мөн сонсоорой. Ямар нөхцөл байдал үүссэнийг олж мэдээрэй. Хүүхдийнхээ хэлэхийг хүссэн бүхнийг, яагаад хэрэглэсэн тухай тайлбарыг тэвчээртэй сонсох нь чухал. Магадгүй сонирхолдоо хөтлөгдөөд туршиж хэрэглэсэн байж болох юм.
  • Санаа зовж байгаагаа харуулаарай. Түүнд хайртайгаа хэлж түүнийг аюулгүй байлгамаар байгаагаа хэлээрэй.
  • Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан, багштай нь байнга холбоотой байх хэрэгтэй.
  • Хэрэв таны хүүхэд тогтмол мансууруулах бодис хэрэглэсээр байвал мэргэжлийн донтолтын эмчид хандаарай.

Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!