ЦАХИМ ДОНТОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Интернэт хэмээх зүйл хүний амьдралд нэвтэрснээр харилцаа холбоо, эдийн засаг гээд бүхий л салбарт ач тусаа өгсөн хэдий ч аливаа зүйлд хэм хэмжээг тохируулах гэдэг нь хамгийн чухал асуудал юм.

Цахим орчныг зохистой хэрэглэснээр хүүхдүүдэд олон боломжийг нээнэ.

  • Чөлөөт ба бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
  • Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нээлттэй бие хүн болон төлөвших
  • Тухайн цаг үеэсээ хоцрохгүй байх
  • Гадаад хэл сурах
  • Олон нийтийн сүлжээгээр найз нөхөд, дотны хүмүүстэйгээ холбоотой байх гэх мэт

Хүүхэд эрүүл, зөв хүн болж хөгжихийн тулд нийгмийн амьд харилцаа, амьдралын бодит туршлага тэдэнд ус агаар мэт хэрэгтэй. Гэвч ухаалаг утас, интернетийг хэтрүүлэн хэрэглэснээр энэ байдал алдагдах төдийгүй тархины духны хэсэгт “эмгэг өөрчлөлт” үүсдэг болохыг эрдэмтэд баталжээ.

Цахим орчны зохисгүй хэрэглээ нь дараах олон сөрөг үр дагавартай байдаг.

  • Мэдээллийн хэт их урсгалд автах, зохисгүй мэдээ мэдээлэлтэй таарах нь таны хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадварыг доройтуулж сурах явцыг удаашруулна.
  • Бодит бус мэдээлэл авах, ухуулга мунхруулгад автах эрсдэлтэй.
  • Олон нийтийн цахим сүлжээнд үгэн ба зурган доромжлолд өртөх, бэлгийн ба сэтгэлзүйн дайралтанд өртөх, аюултай хүмүүстэй холбогдох эрсдэлтэй.
  • Хувийн мэдээллээ алдах, улмаар залилан мэхлэлтэд өртөх санхүүгийн ба бие сэтгэлийн хохирол амсах аюултай
  • Худалдаа арилжааны бай болох, хэт их зар сурталчилгааны урсгалд өртөх сөрөг талтай.

2013 онд СЭМҮТ –ийн хүүхэд өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдэд хийсэн судалгаагаар: 82,3% хараа хяналтгүй болон хайр халамж дутсан, эсвэл хэт эрхлүүлдэг зэрэг гэр бүлийн буруу хүмүүжилтэй байв.

Судлаач Б.Мөнхзаяагийн 2016 онд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн 12-16 насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар “Интернет тоглоомын эмгэгтэй хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог” судалгааны үр дүнгээс харахад нээлттэй бус, бие даасан биш, хариуцлага сул, өөрийгөө хянах чадвар багатай хүүхдүүд нь интернет тоглоомонд донтох эмгэгтэй байсан ба хүүхдүүдэд цочмог, түгшүүртэй, ширүүн, өөрийгөө буруутгах хандлагатай, сэтгэлзүйн ачаалал ихэссэн зэрэг сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд илэрч байв.

Тоглоомны хамааралд орсон эсэхийг дараах шинжүүдээр тогтооно.

Сүүлийн 12 сарын хугацаанд 4-5 шинж нь илэрч байвал донтолт үүссэн гэж үнэлнэ.

  1. Цахим  тоглоомын талаар санаашрах
  2. Цахим тоглоомоос холдуулахад сэтгэл гутралын шинж тэмдэг илэрнэ
  3. Цахим тоглоомыг илүү удаан хугацаагаар тоглох дур үүсэх
  4. Цахим тоглоом тоглохгүй гэж бодсон ч (амлалт өгөх) чадахгүй байх
  5. Цахим тоглоомоос болж урьд нь сонирхдог байсан зүйлсээ сонирхох нь багасах
  1. Цахим тоглоомноос үүдэлтэй нийгэм сэтгэл зүйн асуудал үүсч байгааг мэдсээр байж цахим тоглоомыг хэт их цагаар, удаан хугацаагаар тоглосоор байх
  2. Цахим тоглоом хэр их тоглодгоо нууж гэр бүл, багш,  эмч болон бусад хүмүүст худлаа ярих
  3. Цахим тоглоомыг сэтгэл санааны таагүй байдлаас гарахын тулд тоглох
  4. Цахим тоглоом тоглосноос болж  ажил, сургууль, албан тушаал дэвших боломж, гэр бүл, найз нөхөд, зэрэг чухал харилцааг умартах

Цахим тоглоомны сөрөг нөлөө, Бие махбодийн талаас гарах өөрчлөлт

Бие махбодийн талаас гарах өөрчлөлт

  • Ядарч сульдах
  • Толгой өвдөх, эргэх
  • Хоолны дуршил буурч, биеийн жин буурах
  • Хүүхэд өвчлөмтгий болох
  • Хараа муудах
  • Хүзүү хөших, хөөрөх
  • Нуруу болон гарны хэлбэрт өөрчлөлт илрэх
  • Хүүхдийн булчин татваганах эмгэг үүсэх (нүдээ ойр ойрхон цавчлах, духаа үе үе үрчийлгэх, хоолойгоо үе үе засах)
  • Ярихдаа ээрэх

Сэтгэцийн талаас гарах өөрчлөлт

  • Хүүхэд огцом ууртай болох
  • Анхаарал тогтворгүй
  • Мартамхай болох
  • Нойр муутай болох
  • Хар дарж зүүдлэх, шүдээ хавирах
  • Зүүдэндээ ярих, босч явах
  • Сэтгэл санаагаар хямрах

Төрх үйлийн талаас гарах өөрчлөлт

  • Хүүхэд худлаа ярих
  • Хулгай хийх
  • Гадуур тэнэх
  • Хичээл таслах
  • Сурлагандаа муудаж, хичээл завсардах
  • Гэрээс дайжих
  • Хэрэгт холбогдох
  • Хорт зуршилд автах

Эцэг эхэд өгөх зөвлөгөө

  • Хил хязгаараа шударга тогтоогоорой – Хэрвээ хүүхдэд биеийн талаас зовиур илэрч байвал /нүд улайх, нуруу өвдөх/ хил хязгаарыг яаралтай тогтоох шаардлагатай. Биелэгдэшгүй дүрэм гаргахаас болгоомжлоорой.
  • Хүүхдийн насанд тохируулан хэрэглэх хугацааг эцэг эхчүүд мэддэг байх хэрэгтэй. ОХУ-ын Эрүүл ахуй, халдвар судлалын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь өдөрт хэрэглэх дээд хугацааг зааж өгсөн байдаг.

Үүнд:

    • 5 – ба түүнээс доош настай бол – 1 цаг;
    • 6 нас – 1 цаг 15 минут;
    • 7-9 нас – 1.5 цаг;
    • 10-12 нас – 2 цаг;
    • 13-14 нас – 2.5 цаг;
    • 15-16 нас – 3 цаг гэж тус тус тогтоосон.
    • 1 сард интернет, гар утасны төлбөрт зориулах мөнгөний дээд хэмжээг тогтоох.
    • Хүчирхийлэл агуулсан тоглоом тоглох, видео бичлэг үзэж байгаа эсэхэд эцэг эхчүүд хяналт тавьж, хязгаарлах хэрэгтэй.
      • Хүүхдэд өөрийгөө танин мэдэх боломж олгож, зөв үйлдлийг үргэлж сайшаан урамшуулах хэрэгтэй. Аливаа зүйлийг танин мэдэх нь айдсыг багасгаж, аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг.
      • Хүүхдийнхээ бусад сонирхлыг дэмжиж, сонирхлоо хөгжүүлэх боломж бололцоогоор хангах
      • Хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж, гэртээ тав тухтай байх орчин бүрдүүлээрэй. Харилцаа нь итгэл найдварыг баталгаажуулж, ойр дотно болгодог.
      • Хүүхдэдээ цаг зав гарган, хамтдаа чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх талаар саналаа солилцоорой.
      • Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан, багштай нь байнга холбоотой байгаарай.
      • Хүүхдийнхээ компьютер, гар утас, интернэтээр юу үздэг талаар шүүмжлэхгүйгээр ярилцах – Шинэ зүйлийг авч өгөх, хэрэглэхэд нь хүүхдийнхээ бодит хэрэгцээ, хүслийг бодолцож үзээрэй.
      • Өөрөөрөө үлгэрлэх –  Үлгэр дуурайлал зохион байгуулалтанд сургадаг. Эцэг эхчүүд өөрсдийн хэрэглээгээ /гар утас, зурагт, компьютер/ анзаарах хэрэгтэй.

    Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!

Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!