Оюуны хомсдол гэж юу вэ?

 

Тодорхойлолт: Оюун ухааны болон сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол давамгайлсан сэтгэцийн дутуу хөгжил бүхий шинж тэмдэгтэй даамжирдаггүй явцтай янз бүрийн шалтгаантай бүлэг эмгэгийг оюуны хомсдол гэнэ.

Шинж тэмдэг:

  • Хүүхдийн өсөлт хөгжилт үе тэнгийнхэнээсээ хоцрогдох
  • Бусад хүүхдүүдтэй харьцуулахад сурах чадвар муу учраас сургуульд суралцахад хүндрэл учрах
  • Биеэ авч явах байдал, өөртөө үйлчлэх чадвар нь тааруу

Өсвөр үеийнхэнд:

  • Амьдралд хандах хандлага муу
  • Бэлгийн амьдрал зүй бусаар хандах
  • Амьдрах ур чадвар хангалтгүй эзэмших
  • Сурах арга барил хангалтгүй
  • Ой тогтоолт оюун ухааны чадвар насандаа тохироогүй
  • Өдөр тутам бие даан амьдрахад хүндрэлтэй
  • Нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцох санаачлага, идэвхи, чадвар муу

Эмнэлзүйн шинжүүд:

Оюуны хомсдол нь эмнэлзүйн хувьд дараах 4 түвшинтэй. Үүнд:

  1. Оюуны хомсдол нь эмнэлзүйн хувьд дараах 4 түвшинтэй.Үүнд:
    • Оюуны хөнгөн хомсдол – Гол төлөв сургуулийн насанд эхлэн оношлогдоно. Хэл, хөлд хожуу ордог. Ердийн сургуульд суралцах боломжгүй боловч хөнгөвчилсөн сургалттай сургуульд суралцан өөрийн оюун ухааны түвшинд тохирсон сурах чадварыг эзэмшинэ. Бусдад өөрийн санал бодлыг хэлж, бусдын яриаг ойлгох чадвартай. Хэл ярианы хувьд ээрүү, тультраа, үсэг авиаг буруу дуудах зэрэг өөрчлөлттэй байж болно. Амьдралын энгийн дадал, чадварыг эзэмшсэн өөртөө үйлчлэх чадвартай. Сэтгэхүйн үйлдлийн чадварууд ердийн түвшингээс доогуур хөгжинө. Оюун ухааны чадвар их шаардахгүй мэргэжил эзэмшин ажиллах чадвартай. Бусдыг даган дуурайх болон бусдын ятгалганд автахдаа амархан байдаг.
    • Оюуны дунд зэргийн хомсдол Харьцангуй бага насанд оношлогдоно. Үг ярианы нөөц хомс, өөрийн санал бодлоо бусдад чөлөөтэй илэрхийлэх чадваргүй, бусадтай цөөн үгтээр харилцана. Хөнгөвчилсөн сургалттай сургуульд суралцаж болох ч сэтгэхүйн үйлдлийн чадварууд сул түвшинд хөгжсөн. Өөртөө үйлчлэх маш энгийн дадал чадвар эзэмшсэн. Бусдын хяналтын дор энгийн хялбар ажлыг хийх боловч хөдөлгөөний эвсэл, эв дүй муутай, хэл ярианы өөрчлөлттэй байж болно.
    • Оюуны хүнд хомсдол – Харьцангуй бага насанд оношлогдоно. Зарим нэг бие эрхтний эмгэг, согог илэрч болно. Хүүхдийн бие, сэтгэцийн хөгжил үе тэнгийнхнээсээ хоцрогдонги, хэл ярианы хөгжил муутай, үгийн нөөц хомс, түгээмэл хэрэглэгддэг цөөн үгийг тультраа, хэлгий байдлаар хэлнэ. Сайн зааж сургавал өөртөө үйлчлэх маш энгийн дадал чадварыг эзэмшинэ. Бусдын дэмжлэг тусламж, асран хамгаалагч зайлшгүй шаардлагатай Юмсыг сэтгэж танин мэдэх бус мэдэрч танин мэдэх чадвартай Энгийн ажлын дадал чадвар эзэмшинэ
    • Оюуны гүнзгий хомсдол – Оюуны гүнзгий хомсдол нь 2 хүртэлх насанд тодорхойлогддог. Бусадтай хэл яриагаар харилцах боломжгүй, хэл яриа үүсч хөгжихгүй. Биологийн хэрэгцээгээ дохио зангаа болон дуу авиагаар бусдад илэрхийлнэ. Өөрөө өөрийгөө арчлах болон энгийн хөдөлмөрийн дадал чадварыг эзэмших боломжгүй. Бусдын асаргаа сувилгаа, хяналт зайлшгүй шаардлагатай. Хөдөлгөөний эв дүй муутай, болгоомжгүй үйлдлийн улмаас өөрийгөө бэртээж гэмтээж болно. Олонхи нь хөлд ордоггүй учир бие даан явах чадваргүй. Бие эрхтний төрөлхийн согог, болгоомжгүй байдлын улмаас урт наслах боломжгүй байж болно.

    Оюуны хомсдол эмгэгийн үед оюун сэтгэцийн дутуу хөгжлийн зэрэгцээ сэтгэц, төрх үйлийн талаас хулгай хийх, дэмий тэнэх, хүнсэнд хэрэглэдэггүй зүйлийг идэх, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангах, эмгэг дур хүсэл төрөх зарим өвчтөнд уналт таталтын хам шинж, дошгирол, богино хугацаанд солиорох зэрэг шинжүүд илэрнэ.

Өвчтөн ба түүний гэр бүлд өгөх зөвлөгөө

  • Оюуны хомсдолтой хүмүүст өөрт нь тохирсон ажил, өөрөө өөрийгөө арчлах ур чадваруудыг эзэмшүүлэх дасгал сургуулилт байнга явуулах
  • Амьдрах ур чадварыг эзэмшүүлэх сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээнд явуулах
  • Оюуны хомсдолтой хүн багахан юм хийсэн ч түүнийг нь сайшааж урамшуулах
  • Оюуны хомсдолтой хүүхдүүд болон насанд хүрэгчдийг тэдний боломжийн хэмжээгээр ямар нэг ажил, үйл ажиллагаа явуулахыг шаардах хэрэгтэй.
  • Оюуны хомсдолтой хүмүүст сургалт явуулахад бэрхшээлтэй байх тал бий. Гэвч энэ байдлаас шантрах хэрэггүй.
  • Хүмүүс гэр бүлд оюуны хомсдолтой хүн байх нь хэцүү гэсэн бодол, хандлагатай байдаг. Гэвч гэр бүлийнхэн үргэлж тайван ба сайн харьцаатай байх хэрэгтэй.
  • Гэр бүлд оюуны хомсдол өвчний тухай бодитой сургалт хэрэгтэй.
  • Хүн амд оюуны хомсдол өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгай зөвлөгөө өгөх ажлыг сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийн түвшинд явуулах шаардлагатай.

Эмчилгээ:

Эмчилгээ: Төрөлхийн оюуны хомсдолыг төгс эмчлэх боломжгүй. Шаардлагатай үед эмнэлэгт хэвтүүлэн шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Оюуны хомсдолын түвшингээс хамааран тухайн өвчтөнд тохирсон сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээг сонгон хийнэ.

Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!