Булчин татваганах эмгэг /ТИК/ гэж юу вэ?

 

Тодорхойлолт:

Булчин татгаванах эмгэг нь 21-ээс доош насанд санаа зоригоос хамаарахгүйгээр өөрийн эрхгүй хар аяндаа гэнэт эхэлж тодорхой хэмнэлгүй, үечилсэн хурдан түргэн хөдөлгөөн нь нүүрний булчинд буюу биеийн бусад хэсгийн булчинд илрэх эсвэл гэнэтийн шалтгаангүй дуу авиа гаргах байдлаар илэрдэг өөрөө аяндаа арилж, өөрөө аяндаа давтан бий болдог өдөрт хэдэн зуун удаа дахин давтан илэрч болдог эмгэг юм.

Шалтгаан:

Булчин татгаванах эмгэг нь маш олон шалтгаанаар тайлбарлагддаг эмгэг юм. Үүнд:

Анхдагч: Тик үүсэх шалтгааныг төв мэдрэлийн системийн нейрохимийн зохицуулгын хямрал буюу дофамины зохицуулгын хямралаар тайлбарладаг хэдий ч сэтгэлзүйн хямрал голлох байрыг эзэлдэг.

Хоёрдогч: Тик үүсэх шалтгааныг эмийн бэлдмэлүүдийн гаж нөлөө болон мэдрэлийн сөнөрөлийн өвчнүүд, перинаталь, энцефалопати, гавал тархины гэмтлийн улмаас үүсч болно гэж үздэг.

Биеийн аль нэг хэсгийн булчин татваганаж байгааг харгалзан:

  • Хамрын тик
  • Зовхины тик
  • Нүүрний тик
  • Мөрний тик
  • Хоолойн тик
  • Бусад тик гэж хуваана.

Тоо баримтууд:

  • Сургуулийн насны хүүхдүүдийн 5-25%-д тохиолдоно.
  • Хүйсийн харьцаа 3:1 буюу эрэгтэй хүүхдүүдэд давамгайлан илэрнэ.
  • Анхдагч татваганал ихэвчлэн хүүхэд, өсвөр үеийнхэнд тохиолдох бөгөөд идэвх нь хэт ихсэх, анхаарал сарних шинжүүдтэй хавсарч явагдана.
  • Өртөмтгий нас бол 7-11 нас юм.

Эмнэлзүйн шинжүүд:

Энгийн хөдөлгөөний тик: Биеийн булчингууд байн байн хар аяндаа түргэн түргэн давтан татваганана. Булчин татваганах эмгэгтэй өвчтөнүүдэд үе үе нүдээ цавчлах, ирмэх, анивчих, хамраа үрчийлгэх, хөмсгөө зангидах, нүүрээ татгавануулах, уруулаа хазах, долоох, шүдээ ярзайлгах, хэлээ хөхөх, яргаванах, толгойгоо сэгсрэх, мөрөө хавчих гэх мэтийн хөдөлгөөнүүд илэрнэ.

Нийлмэл хөдөлгөөний тик:  Харайх, үсрэх дэвхрэх болон өөрийгөө болон бусдыг цохих мэтийн хөдөлгөөнүүдийг өөрийн мэдэлгүй хар аяндаа үйлдэнэ.

Дуу авианы тик: Дуу авиа гаргахад оролцдог булчингууд үе үе хар нэг янзаар түргэн түргэн давтан агшина. Үүнд:

  • Авиа дуудлагын хувьд тод дуу авианы тик: Ийм тиктэй өвчтөнүүд өөрийн эрхгүй хар аяндаа ханиалгах, хоолойгоо засах, шуухинах, исгэрэх, хуцах, нусаа татах, инээх, мэгшин уйлах мэтийн тод дуудлагатай авиа гаргана.
  • Авиа дуудлагын хувьд тод бус дуу авианы тик: Энэ нь амьсгалын булчингууд үе үе аяндаа агшсанаас үүсэх дуу авианууд юм.
  • Нийтлэг хавсарсан дуу авианы тик: Зохимжгүй үг хэллэг хэлэх дуу авианы тик. Өвчтөн зохимжгүй үг хэллэгүүдийг үе үе өөрийн мэдэлгүй хар аяндаа давтан хэлнэ.

Эмчилгээ:

  • Сэтгэл засал эмчилгээ
  • Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ

Өвчтөн түүний гэр бүлд өгөх зөвлөгөө:

    • Булчин татгаванах эмгэг нь гол төлөв бага насанд эхэлдэг.
    • Хөвгүүдэд илүүтэй тохиолдоно.
    • Булчин татгаванах нь өвчтөний оюун санаанаас үл хамааран өөрөө аяндаа арилж өөрөө аяндаа давтан бий болно.
    • Эмчилгээний үр дүнд засрал авах боловч өвчин дахиж болно.
    • Тухайн байдалд анхаарал хандуулахад татгаванах нь ихэсдэг учир аль болох анхаарал хандуулахгүй үл тоож байх
    • Стресс, сэтгэл түгшилт, ачаалал их байх нь тикийг ихэсгэдэг.
    • Булчин татгаванах эмгэгийн үед хүүхдийг зэмлэн буруушааж шийтгэж болохгүй
    • Хүүхдэд гэр бүлийн тайван орчныг бүрдүүлэх, стресст өртөхөөс сэргийлэх
    • Хүүхдэд эдгэнэ гэсэн итгэл найдварыг төрүүлэхийг эрмэлзэх
    • Хүүхдийн сонирхлын нь дагуу анхаарлыг нь татахуйц зүйлийг хийлгэх
    • Хүүхдийн өвчин болон эмчилгээ нь удаан хугацаагаар үргэлжилдэг тул хүүхдэд тавих анхаарал халамжаа багасгахгүй байвал зохино.

    Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!