Шээс задгайрах эмгэг гэж юу?

 

Тодорхойлолт: Ихэнх хүүхдүүд 3-4 насандаа давсагны үйл ажиллагаагаа хянах буюу шээх үйлийг зохицуулах чадварыг эзэмшдэг. Хүүхэд 3-4 наснаас дээш насанд шээсээ барьж чадахгүй орондоо болон өмдөндөө шээхийг хүүхдийн шээс задгайрах эмгэг гэнэ.

Орондоо шээх эмгэг нь ихэвчлэн 5 болон түүнээс дээш насныханд 3 сарын турш доод тал нь 7 хоногт 2 удаа илэрдэг бол өдрийн цагаар өмдөндөө шээх нь ихэвчлэн сургууль дээрээ бие засах газарт орохоос айх айдастай холбоотой.

Ангилал:

Ангилал:  Анхдагч, хоёрдогч, шөнийн, өдрийн  гэж ангилна.

Анхдагч: Урьд өмнө нь орондоо шээлгүй нэг ч шөнийг өнгөрөөлгүй байнга орондоо шээх

Хоёрдогч: Шөнө орондоо шээдэггүй байснаа шээдэг болох

Шалтгаан: Органик болон органик бус гаралтай байна.

Органик гаралтай шалтгаан:  /орондоо шээх эмгэгтэй хүүхдүүдийн 75 % – ийг эзэлнэ/

  • Тархины үлдэц органик өвчнүүд
  • Төрөлхийн оюун ухааны хоцрогдол
  • Эпилепсийн уналт таталт
  • Шээсний замын ямар нэгэн бүтцийн өөрчлөлт/ жижиг давсаг/
  • Нуруу нугасны гэмтэл
  • Шээсний замын үрэвсэлт өвчин, /5-10%/
  • Чихрийн шижин

Органик бус шалтгаан: /орондоо шээх эмгэгтэй хүүхдүүдийн 25% – ийг эзэлнэ/

Сэтгэл зүйн хурц болон ужиг гэмтлүүд байдаг.

  • Ойр дотны хүнээ алдах
  • Гэнэтийн осолд өртөх
  • Байгалийн гамшигт нэрвэгдэх
  • Эцэг эх салах
  • Гэр бүлийн хэрүүл маргаанаас үүдэлтэй сэтгэл түгшилттэй хүүхдүүд
  • Эцэг эхийн архидалт
  • Хүүхдэд биеийн шийтгэл хүлээлгэх
  • Хүүхдийн амьдарч, сурч буй орчин ойр ойрхон солигдох
  • Дүүтэй болох гэх мэт

Эмчилгээ:

  • Хүүхдэд тохиолдож буй сэтгэлзүйн гэмтлээс аль болох тусгаарлах
  • Гэр бүлийн сэтгэл засал /эцэг эх асран хамгаалагчид нь зөв ойлголт өгөх/
  • Насанд нь тохирсон тоглоомын хэлбэрийг сонгож тоглуулах
  • Эмийн эмчилгээ хийх

Гэр бүлд өгөх мэдээлэл:

    • Шээс задгайрах эмгэг нь эмгэг хөгжлийн нэг хоцрогдол юм.
    • Энэ нь ихэвчлэн сэтгэлзүйн гаралтай бөгөөд эмчилгээний үр дүн сайтай.
    • Шээс задгайрах асуудалд хүүхэд өөрөө хяналт тавьж чадахгүй голдуу шөнийн цагаар унтаж байхад тохиолддог.
    • Цаашид уг эмгэг нь тавилан сайтай, эдгэрдэг болно.
    • Хүүхдийг унтахаас өмнө 2-3 цагийн өмнөөс уух шингэнд хяналт тавьж, хязгаарлах.
    • Аймшгийн кино, ном, сонин сэтгүүл үзүүлж, уншуулахгүй байх.
    • Хүүхдийг загнан, зэмлэж, шийтгэж болохгүй. Энэ нь хүүхдийн сэтгэл түгшилтийг улам нэмэгдүүлдэг.
    • Гадуурхаж, ад шоо үзэхгүй байх /шинэ дэвсгэр даавуунд унтуулж байх/.
    • Хүүхдийн сэтгэл санааг тайвшруулах дуу аялах, эсвэл таатай сэтгэгдэл төрүүлэхүйц үлгэрийн ном уншиж өгөх
    • Шээгээгүй сэрсэн тохиолдолд нь магтаж, урамшуулах хэрэгтэй.

Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!