АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ СӨРӨГ НӨЛӨӨ
Архи гэж юу вэ? – Архи согтууруулах ундааны байгалийн гарал үүсэл, найрлагын үндсэн суурь нь этилийн спирт /C2H5OH/ гэдэг химийн бодис бөгөөд энэ нь ус ба органик уусгагчтай ямар ч харьцаагаар амархан холилддог, өнгөгүй, тунгалаг, дэгдэмхий, шатамхай, өвөрмөц хурц үнэртэй, гашуун нясуун амттай бодис юм.
- Олон хоног үргэлжилсэн их хэмжээний архидалт нь уураг тархины урд хэсэгт байрлах сэтгэн бодох, хөдөлгөөний тэнцвэр, шийдвэр гаргах болон амьдралаа зохицуулан удирдах төвийг гэмтээдэг. Үүний илрэл нь хэл яриа тультраатах, ойлгоц өнгөц болох, хөдөлгөөний тэнцвэр муудан, зогсох явахад гуйван дайвалзах байдалтай болно.
- Ой санамжийн төв гэмтсэнээр богино хугацааны ой санамж алдах, согтуудаа хийсэн, ярьсан зүйлээ санахгүй байх зэрэг шинж илэрнэ.
- Архи уусны дараа орчиндоо зохицон биеэ авч явах чадвар муудан, зан төлөв өөрчлөгдөж уурлах, уцаарлах, үг яриа олшрох, анхаарал муудах, олон нийтийн газар болон хаа буй газраа хэрхэн зохистой байх хяналтаа алдах зэрэг олон сөрөг үйлдлүүдийг үйлддэг.
- Монгол хүний хувьд алкоголь дегидрогенеза /АЛДГ/ ферментийн идэвх сул байдгаас архины хор үүсэх процесс хурдан байдаг бөгөөд үүний улмаас арьс улайх, огиудас хүрэх, толгой эргэх, өвдөх, зүрх түргэн цохилох зэрэг таагүй шинж тэмдгүүд илүү тод илэрнэ.
- Шилжилтийн нас бол өсвөр насны хүүхэд нас биед хүрэх шилжилт төдийгүй уураг тархины өөрчлөлт явагддаг үе юм. Энэ насны хүүхэд архи хэрэглэснээр тухайн хүүхдийн өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлнө. Залуу насны хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэснээр амархан хордлогонд ордог ба тэдний нийгэмд эзлэх байр суурь, биеийн эрүүл мэнд, бэлгийн эрүүл мэнд болон сэтгэлзүйд нь сөрөг нөлөөтэй. Түүгээр зогсохгүй насанд хүрэгчидтай харьцуулахад залуучууд илүү богино хугацаанд архины хамааралд ордог учраас цаашдын амьдралд нь архины асуудлууд үүсэх эх үндэс болдог.
- Хэтрүүлэн хэрэглээ улам бүр өссөөр байгаа бөгөөд залуучуудын дундах архины хэрэглээтэй холбоотой сөрөг үр дагавар, гэмтэл бэртэл авах, тохиолдлын бэлгийн хавьталд орох эрсдэл нэмэгдэж, амиа хорлолт, гэр бүр салалт ихсэж, сурч боловсрох, ажил хөдөлмөр хийх байдал буурч байна.