Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ?
Төрсний дараах сэтгэл гутрал нь хэнд ч тохиолдож болох сэтгэцийн тулгамдсан асуудал юм.
Тодорхойлолт: Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг нь эх амаржсаны дараа 1 жилийн дотор сэтгэл санаа уйтгарлаж гуниглах, уйлах, тайван бус тогтворгүй, уур уцаартай болох, сэтгэл түгших, ядарч туйлдан сэтгэлийн тавгүй байдлаас болж шинэ төрсөн нярай хүүхдэдээ анхаарал халамж тавих нь буурах зэрэг шинжээр илэрдэг эмгэг юм.
Төрсний дараах сэтгэл гутрал нь биологи, нийгэм, сэтгэлзүйн хүчин зүйлстэй салшгүй холбоотой билээ. Хэрвээ жирэмсэн байх хугацаандаа сэтгэл гутрах эмгэгийг эмчлэхгүй бол төрсний дараа олон сөрөг үр дагаварт (бие махбодийн архаг хууч өвчнөөр өвдөх, архи мансууруулах бодисын хамааралтай болох, амиа егүүтгэл гэх мэт) хүрдэг болохыг судлаачид тогтоосон.
Цаашилбал ураг эхээсээ байнга бие, сэтгэцийн талаас сөрөг нөлөөлөлд байсаар дутуу, бага жинтэй төрөх, эхийн сүү хангалтгүй улмаас хоол тэжээлийн дутагдалд хүрэх, сэтгэлзүй болон биеийн хөгжил хоцрогдох, танин мэдэхүйн хөгжил сулрах гэх мэт олон сөрөг байдал үүсч болох юм гэжээ. Үүнээс харахад төрсний дараах сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх нь эх хүүхдийн эрүүл мэндэд маш чухал билээ.