Стрессийн хариу урвал
Стрессийг хэрхэн давах туулахыг суралцахын өмнө стресс үүсгэх нөхцөл байдалд бидний бие махбодь хэрхэн хариу үзүүлдэг болохыг ойлгох нь маш чухал юм. Стресс нь даралт ихсэх, булчингийн чангарал, чичрэх, хоол боловсруулахад асуудалтай болох, нойргүйдэл, уур бухимдал, сэтгэл гутрал зэрэг олон эмгэг үүсгэх чадвартай.
Хүний бие сөрөг стрессийн нөхцөл байдалд орлоо гэсэн мэдээлэл тархины “амигдала” гэх хэсэгт ирнэ. Тархины энэ хэсэг нь сэтгэл хөдлөлийг зохицуулдаг. Ингээд “амигдала” аюултай байдлын мэдээллийг хүлээн авч, цааш нь хувирган тархины өөр хэсэг болох “гипоталамус” руу дамжуулдаг. Гипоталамусыг удирдлагын төв гэж ойлгож болох ба хүний биеийн автомат мэдрэлийн тогтолцоог зохицуулдаг. Автомат мэдрэлийн тогтолцоо нь хүний биеийн хэвийн үйл ажиллагаа болох амьсгалах, цусны даралт, зүрхний цохилт, цусны судасны агшиж тэлэх үйл ажиллагаа, уушгинд дах жижиг мөгөөрсөн хоолойн үйл ажиллагааг зохицуулдаг.