Ажлын байрны сэтгэцийн эрүүл мэнд

Ажлын байран дах сэтгэцийн эрүүл мэнд яагаад чухал вэ? Ажил олгогч нар яагаад сэтгэцийн эрүүл мэндийг дэмжсэн орчинг бүрдүүлэх хэрэгтэй вэ? гэх мэтчилэн олон асуулт танд байж болох юм. Хэрэв хүн хоногт 8 цаг ажилладаг бол сард эсвэл 1 жилд хичнээн хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг бол?

Хэрэв ажил олгогчид ажилтнуудынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, эрүүл мэндийг дэмжсэн орчин бүрдүүлдэг бол ажилтнуудын биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд сайн байхын зэрэгцээ тус байгууллагын ажлын бүтээмж өндөр байна гэж үздэг.

2017 оны турш Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь “Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр” буюу 10 дугаар сарын 10 ныг “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэнд” гэсэн уриатайгаар тэмдэглэж, дэлхий даяар энэ асуудалд анхаарал хандуулахыг уриалсан. 2019 оны 5 дугаар сарын 28-нд Ажлаас халшрах хам шинжийг (Burnout) Олон улсын өвчний ангилал 11 (ICD11) – т шинээр оруулсан. (Монгол улс одоогийн байдлаар Олон улсын өвчний ангилал 10-ыг хэрэглэж байна)

Ажлын байрны стресс гэж юу вэ?

Ажлын байрны стресс гэдэг нь ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцад ажиллах нөхцөл, ажлын ачаалал, хамт олны уур амьсгал, харилцаанаас тэдний сэтгэл санаа, бие организмд үүссэн дарамт, түүнийг даван туулах, дасан зохицох гэсэн хүч энерги бүхий хариу үйлдлийг хэлнэ.

Ажлын байрны стресс нь хүний хувийн амьдрал, мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндэд нөлөөлдөг.

Ажлын байрны стрессийн ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ

  1. Физиологийн түвшинд
  • Толгой өвдөх, хүзүү нуруу хөших
  • Даралт ихсэж, зүрх дэлсэх
  • Амархан ядрах, тамирдах
  • Хооллох дур буурах, ихсэх, нойр хулжих
  1. Зан үйлийн түвшинд
  • Хорт зуршил, хамааралтай болох
  • Харилцааны асуудлууд үүсэх
  • Аливаа зүйлийг эхлэх чадваргүй болох
  • Ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэл үйлдэх
  1. Сэтгэл зүйн түвшинд
  • Танин мэдэхүйн үйл явцад саад учрах: Ой тогтоолт муудах буюу амархан мартах, анхаарал төвлөрөлт сулрах, аливаа зүйлсийг удаан ойлгох
  • Сэтгэл хөдлөл тогтворгүй болох: Байнга уурлах, бухимдах, уйлах, санаашрах
  • Сэтгэл зүйн байдал тогтворгүй болох: сэтгэлээр гутрах, өөрийн үнэлэмж буурах, айж түгшимтгий болох, ганцаардах, ирээдүйд итгэх итгэл буурах

Түгээмэл шалтгаанууд

  1. Ажлын хэт ачаалал
  2. Ажлын уйтгартай хэв маяг
  3. Ажлын шат ахих боломж тодорхойгүй байх
  4. Мэргэжлийн өндөр хариуцлага
  5. Удирдлагын дарамт
  6. Ажлын байран дахь харилцааны зөрчил
  7. Туслалцаа авахгүй байх буюу ганцаардал

Хүн бүр асуудлынхаа шалтгааныг мэдэхийн тулд:

  • Би ажилдаа сэтгэл ханамжтай байна уу?
  • Юуны тулд би ажиллаж байна вэ?
  • Яагаад заавал энэ байгууллагад би ажиллаж байна вэ?
  • Надад тулгараад байгаа асуудал шийдэгдэх боломжтой юу зэрэг асуултуудыг өөртөө тавиад үзээрэй.

Хэрэв хариултууд тань сөрөг байвал Танд ажлын байрны стресс нүүрлээд байна хэмээн ойлгож тодорхой арга хэмжээ авахыг зөвлөж байна. Өөрийгөө өөрчлөх, амьдралаа эерэгжүүлэх боломж хүн бүрт бий. Ажлын байрны стресс шийдвэрлэгдэхгүй удаан үргэлжилвэл Ажлаас халшрах хам шинж болж даамжирдаг.

Ажлаас халшрах хам шинж гэж юу вэ?

Англиар «burnout», оросоор «профессиональное выгорание» гэж нэрлэгддэг уг нэр томъёог анх 1974 онд мэдрэлийн эмч, сэтгэл судлаач Фрейденберг гаргажээ.

Ажлаас халширч байгааг хэрхэн мэдэх вэ?

Үл тоомсорлох, сэтгэл зүйн хувьд халшрах, ядарч тамирдах (хүн урьдынх шигээ ажилдаа өөрийгөө зориулж чадахаа болих), хүнлэг бус болох (хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгч нартаа сөргөөр ханддаг болох), мэргэжлийн хувьд өөрийгөө голох, мэргэжлийн ур чадвараа хангалтгүй байна гэж мэдрэх тохиолдлууд гарвал энэ шинж илэрч байж болох юм.

Ажлаас халшрах хам шинжийн хүчин зүйлс:

  1. Бие хүний хүчин зүйл – Мэдрэмтгий, бусдыг өрөвдөмтгий, хүнлэг, зөөлөн, тогтворгүй, дотогшоогоо чиглэсэн
  2. Ажил үүргийн хүчин зүйл – Ажил үүргийн тодорхойгүй байдал, ажлын ачаалал хэт их эсвэл хэт бага байх, ажил үүргийн харьцангуй хуваарилалт
  3. Байгууллагын хүчин зүйл – Баг хамт олон, ажлын нөхцөл байдал, удирдлагатай холбоотой асуудлууд
  4. Үйлчлүүлэгч ба харилцагч нарын хүчин зүйл – Сэтгэлзүйн байдал тогтворгүй, харилцааны соёлгүй, өвчтэй, хэцүү үйлчлүүлэгч нар

Ж. Гринбергийн Ажлаас халшрах хам шинж -ийн таван үе шат

  1. АХХШ-ийн нэгдүгээр шат /”Бал сар”/
  • Ажилтан өөрт нь өгсөн ажил, даалгаварт ихэвчлэн сэтгэл хангалуун байх бөгөөд идэвхи санаачлагатайгаар ханддаг.
  • Гэвч ажлын байран дахь стресс үргэлжлэхийн хэрээр мэргэжлийн үйл ажиллагаа нь ажилтанд таашаал өгөх нь багасах ба эрч хүчтэй ажиллахаа больж эхэлнэ.
  1. АХХШ-ийн хоёрдугаар шат /”Түлш дутагдах”/
  • Үе үе ядрах болж, нойр хүрэхээ больж эхэлнэ.
  • Ажиллах эрмэлзэл болон сэдэл алга болсноор ажлын сонирхол үгүй болж, бүтээмж буурна. Магадгүй хөдөлмөрийн сахилга бат алдагдаж, мэргэжлийн үүргээсээ зайлсхийх болно.
  • Ажилтан өндөр сэдэлтэй тохиолдолд өөрийгөө зовоосоор байх бөгөөд эрүүл мэндээрээ хохирно.
  1. АХХШ-ийн гуравдугаар шат /архаг симптом/
  • Амралтгүй ажиллах нь бие махбодийн хувьд туйлдах, өвчинд нэрвэгдэх, харин сэтгэлзүйн хувьд байнга уурлаж бухимдах, сэтгэлийн дарамттай болгодог.
  • Мөн байнга л цаг хүрэлцэхгүй байгаад шаналдаг болно./менежерийн синдром/.
  1. АХХШ-ийн дөрөвдүгээр шат /хямрал/
  • Архаг өвчлөлүүдийн дүнд хүн хэсэгхэн хугацаанд эсвэл бүр мөсөн ажиллах чадвараа алддаг.
  • Улмаар өөрийн үр өгөөжгүй ажиллаж байгаадаа сэтгэлээр унаж, цаашлаад амьдралын утга учраа ч алдахад хүрж болзошгүй.
  1. АХХШ-ийн тавдугаар шат /”Хананд тулах”/
  • Биеийн болон сэтгэл зүйн асуудал илүү хурц хэлбэрт шилжиж хүний аминд заналхийлсэн аюултай өвчлөлд ч хүргэж болзошгүй.
  • Тухайн ажилтанд хэт их асуудал үүсч, ажлын шат ахих боломжгүй байдалд тулж болох юм.

Ажлын байран дахь стрессийг хэрхэн бууруулах вэ?

Ажлын ачаалал ба хэмнэл

  • Хүний боломж, чадамжинд тохирсон шаардлага тавих
  • Ажлын ядаргааг бүрэн нөхөн сэргээж чадахуйц амралт олгох
  • Ажлын хэмнэл, хуваариа зохицуулах боломжийг тухайн ажилчинд олгоход анхаарах
  • Ажлын ачааллыг бодитой тооцох, үнэлэх

Ажлын хуваарь, хэмжээ

  • Үүнийг тогтоохдоо ажлын бус цагаар гүйцэтгэдэг ажлын ачааллыг оролцуулж тооцох
  • Ажлын дотоод журмыг тогтвортой мөрдөх, хуваариас гадуурх ачааллаар дарахгүй байх
  • Тухайн ажилчин өөрийн мэдлэг, чадвар, авъяасаа бүхэн дайчлах, бүтээлчээр ажиллах боломжийг дэмжих чиглэлээр ажлын агуулга, зохион байгуулалтыг сонгож хэрэгжүүлэх

Хөдөлмөрийн үүрэг хариуцлага

  • Гүйцэтгэх ажлын үүрэг хариуцлагыг тодорхой тайлбарлаж ойлгуулах
  • Үүнээс үүдэж болох зөрчил маргалдаанаас сэргийлэх
  • Тухайн байгууллага дээр үүсэж бий болсон зөрчлийг цаг тухай бүрт нь зүй зохистой шийдвэрлэж байх

Цалин хөлс урамшуулал

  • Ажиллагсдад урамшуулал, тэтгэлэг, хөнгөлөлтийг нэмэгдүүлэхэд дотоод нөөц болон гадаад боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах
  • Цалин хөлсний уян хатан тогтолцоог нэвтрүүлэх

Ажил мэргэжлийн ирээдүйн чиг хандлага, төлөв байдал

  • Мэргэжлээ дээшлүүлэх, албан тушаал ахих боломжийн талаар тодорхой мэдээлдэг байх
  • Ажлын байрны орон тоонд нөлөөлж болох бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар урьдчилан мэдээлж байх

Мэдээлэл сурталчилгаа

  • Стрессийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх мэдээллээр хангаж, сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах
  • Стрессээс хамгаалах, сэргийлэх арга барилыг ажилтанд эзэмшүүлэх

Уураа барих алхмууд

  1. Таны уурыг хүргэж болох зүйлүүдийн талаар мэдээлэл, сэтгэлзүйн бэлтгэлтэй байх Тухайлбал:
  • Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байж болно.
  • Ажил дээрээ өөр зүйл хийж, дэмий яриагаар цаг нөхцөөж байж болно.
  • Ажлаасаа хоцорч ирж болно.
  • Ажилчид хоорондоо муудалцаж, шуугиан үүсгэх гэх мэт
  1. Уур хүргэж байгаа үйлдийг зориудаар санаатайгаар өдсөн зүйл гэж бодохгүй байхыг эрмэлзэх Тухайлбал:
  • Хүмүүсийн гаргаж байгаа үйлдлийн учир шалтгааныг ухаарч ойлгох
  • Уучлах, аль болохоор эерэг талаас авч үзэх
  • Тухайн асуудалд хандах хандлагаа өөрчилж чадвал тайвширч, уур намжина.
  1. Сэтгэлийн хөөрөл, догдлолоо хянах барих аргуудыг хэрэглэж турших Хэрэв уурлаж эхэлбэл:
  • “Мэдээж уурлаж, бухимдаж болно” Гэхдээ уураа эзэмдэж, өөрийнхөө эзэн байх ёстой шүү гэсэн тушаалыг өөртөө өгч, өөрийгөө ятган сэтгэлийн хөөрлөө хянахыг оролдох
  • Амьсгаагаа гүнзгий авч, гаргах
  • Хэрвээ уур гарахгүй байвал, чангаар орилж хашгирах, уйлах, үзэн ядаж, жигшиж зэвүүцэж байгаа хүнийхээ зургийг урж хаях, дэр нүдэх зэрэг бусдад хоргүй аргуудыг сонгоорой.
  • Мөн цаашид зураг зурах, бүжиглэх, дуулах, юм угаах, дэлгүүр хэсэх, сонирхолтой зүйлээ хийх зэрэг уур хилэн мартагнуулан сарниулдаг идэвхтэй аргыг сонгоорой.
  • Ялангуяа ганцаараа байх үедээ уурласан зүйлийн талаар төрж байгаа сэтгэгдэл мэдрэмжээ цаасан дээр бичээд уурлах шалтгаан үр дагаврыг сайтар бодож эрэгцүүлвэл илүү үр дүнтэй байж болно.
  1. Хэрвээ та дээрх аргуудын аль нэгийг хэрэглэн уураа барьж чадсан бол өөрийгөө заавал урамшуулж өөртөө таалагдсан зүйлээ худалдаж авах, агаар салхинд гарах, найз нөхөдтэйгээ уулзаж өөрийгөө үргэлж дэмжээрэй.