Мэдрэлийн хомхой нь хоол идэх дур хүсэл хэт ихсэх шинж, таргалчихвий хэмээх улигт айдастай хослон илэрдэг, сэтгэлзүйн гаралтай төрх үйлийн эмгэг юм. Мэдрэлийн гаралтай хоолноос татгалзах эмгэгээс (anorexia nervosa) ялгагдах гол шинж нь биеийн жин ихээр алдахгүй хэвийн хэмжээнд байдаг байна.
Тархалт
Мэдрэлийн хомхой нь бусад хооллох дурын эмгэгээс илүү тархалттай байдаг ба залуу, өсвөр насны охидын дунд 1-4% -ийн тархалттай байдаг. Мэдрэлийн гаралтай хоолноос татгалзах эмгэг эмэгтэйчүүдийн дунд илүү байдаг бол мэдрэлийн хомхой нь эрэгтэйчүүдэд илүү байх нь ажиглагддаг. Мөн таргалалттай байсан, согтууруулах ундааны хамааралтай, хулгай хийдэг төрх үйлтэй, огцом ууртай, сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй (амиа хорлох оролдогыг удаа дараа хийж байсан) хүмүүст илүү тохиолддог болохыг тогтоосон.
Шинж тэмдэг
- 3 сараас дээш хугацаанд, тогтмол байдлаар, долоо хоногт 1 болон түүнээс олон удаа хэт идэх эмгэг дур гэнэт төрнө.
- Энэхүү хэт идэх даван туулшгүй дур хүсэлд хөтлөгдөн биеэ барьж чадахгүй богино хугацаанд маш их иднэ.
- Биеийн жин нэмэгдэхээс маш их айна.
- Биеийн жингээ нэмэгдүүлэхгүйн тулд таргалахын эсрэг төрх үйл гаргана. (Энэхүү төрх үйл нийт тохиолдлын 80% -д илэрдэг гэж үздэг.) Тухайлбал
- Хоол идсэний дараа зориуд санаатайгаар бөөлжинө.
- Зориудаар туулгах үйлдэл үзүүлдэг эмийг байнга хэрэглэнэ.
- Шээс хөөх эм, хоолны дуршил бууруулах эм, бэлдмэл хэрэглэнэ.
- Дахин дахин бөөлжих, туулгах эм бэлдмэлээс шалтгаалан их хэмжээний шингэн алдалтын улмаас бодисын солилцоо хяралд орж, эрдэс бодис, электролитийн тэнцвэрт байдал алдагдсанаас болж уналт таталт, зүрхний хэм алдагдах, бамбай булчирхайн үйл ажиллагааны хямрал, булчин сулрах зэрэг биеийн эмгэгүүдээр хүндрэл үүсдэг.
Эмчилгээ
АНУ-ын хэмжээнд эмчилгээнд хамрагдсан нийт тохиолдлын 40% нь бүрэн эдгэрч, 30% нь хэт их идэх эмгэгт шилждэг ба нас баралтаар төгсөх тохиолдол 2% хүртэл бүртгэгдсэн байдаг байна.
- Танин мэдэхүй төрх үйлийн сэтгэл засал эмчилгээг энэ эмгэгийн үед хамгийн үр дүнтэй эмчилгээ гэж тооцдог. Сэтгэл засал эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-6 сар байх ба 18-20 удаагийн засал байдаг. Уг сэтгэл засал эмчилгээний зорилго нь:
- Хэт их идэх, дэглэм бариж буй төрх үйлийн тойргийг таслах
- Тухайн хүний алдаатай итгэл үнэмшлийг танин мэдүүлэхэд оршдог.
- Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ
- Сэтгэл засал эмчилгээ (ганцаарчилсан, бүлгийн)