Хүн бүрийн бэлгийн амьдрал өөр өөрийн гэсэн хувийн онцлогтой байдаг ажээ. Өөрөөр хэлбэл хувь хүн бүрийн бэлгийн дур хүсэл, мэдрэмж, таашаал өөр өөр байдаг.
Одоогоос 20-30 жилийн өмнө зөвхөн гетеросекс чиг баримжааг сэтгэц бэлгийн хэвийн чиг баримжаа гэж ойлгон гомосекс, бисекс хүмүүсийг “хэвийн бус бэлгийн хөгжил”, “ижил хүйстэнтэйгээ явалдах өвчин”, “бэлгийн эмгэг”, “бэлгийн дон” гэх мэтчилэн муу нэрийн шошго зүүж, нийгмээрээ ялгаварлан гадуурхдаг байсан бол орчин үед гетеросекс, гомосекс, бисекс чиг баримжааг аль алиныг сэтгэц бэлгийн хэвийн хөгжил, хэвийн чиг баримжаа хэмээн үнэлдэг болсон. Хүйсийн чиг баримжаа нь байгалаас заяасан, хэвийн эрүүл зүйл юм. Хувь хүн хүйсийн чиг баримжааг өөрөө сонгох эсвэл өөрөө дураараа өөрчлөх ямар ч боломжгүй юм.
Ижил хүйсийн чиг баримжааг сэтгэцийн эмгэг хэмээн авч үздэг байсан ойлголт дэлхийн ихэнх улс орнуудад үгүй болжээ. 1973 онд Америкийн Сэтгэцийн Эмгэгийн Нийгэмлэг нь оношийн ангиллаас хассан бол 1980 онд Сэтгэцийн Эмгэгийн Олон Улсын Оношлогооны Ангиллаас (DSM) тус тус хасчээ. Монгол улсын хэмжээнд баримталдаг Өвчний Олон Улсын 10-р ангилалд (ICD 10) ижил хүйсийн чиг баримжааг хэвийн гэж үнэлж, дангаар нь эмгэг гэж авч үзэхгүй хэмээн тусгасан байна.
Хүйсийн чиг баримжаа ухагдагдахууныг ойлгохын тулд бэлгийн обьектын тухай мэдэх зайлшгүй шаардлага гарна.
Бэлгийн обьект гэдэг нь хувь хүн бэлгийн харилцаанд орж бэлгийн дураа хөдөлгөж, улмаар бэлгийн хөөрөлд автаж бэлгийн таашаал хүртэхийн тулд ашиглаж байгаа тэрхүү зүйлийг буюу бэлгийн дураа хангах зүйлээ сонгож авахыг хэлнэ.