21-р зуунд сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь гамшгийн үеийн сэтгэцийн эрүүл мэнд болж байна. Учир нь жилээс жил ирэх тусам байгалийн болон хүн төрөлхтөний буруутай үйл ажиллагаанаас үүссэн гамшгийн тоо хурдацтай нэмэгдсээр байна.

1992 онд АНУ- ын сэтгэцийн эмгэг судлалын нийгэмлэг нь Гамшгийн сэтгэцийн эмгэг судлалын зөвлөлийг үүсгэн байгуулсан бөгөөд гамшгийн үеийн бэлэн байдал, урьдчилан сэргийлэлт, сэтгэлзүйн тусламж үйлчилгээний удирдамж гарган ажилладаг.

Тодорхойлолт

Гамшиг гэдэг нь нэгэн зэрэг олон хүний эрүүл мэнд, амь нас буюу үнэт зүйлсийг сүйрүүлэх аюултай, хүнд гарз хохирол учруулах нөлөөтэй, урьдаас мэдээгүй, цаг бусын гай тохиолдохыг хэлнэ. Мөн гамшиг бол сэтгэлийн хүчтэй стрессийн нэг юм.

  • Байгалийн гамшиг (зуд, үер, газар хөдлөлт, далайн шуурга, газар хөдлөлт)
  • Онгоцны сүйрэл, автомашины осол
  • Аллага, сүрдүүлэлт, хүчирхийлэл
  • Хэлмэгдүүлэлт, эрүү шүүлт
  • Дайн байлдаан, дээрэм тонуул
  • Цар тахал зэрэг хүнийг амьд байхад аюул учруулж, заналхийлсэн цаг бусын зүйлсийг оруулдаг.

Гамшигт өртөгчийг нэрвэгдэгч гэж нэрлэдэг ба сэтгэлзүйн хувьд 3 бүлэгт хувааж авч үздэг.

  1. Шууд нэрвэгдэгсэд
  2. Далд нэрвэгдэгсэд
  3. Ар гэрийнхэн ба тухайн газар нутгийн хүн ам

Хүнд стресс, гамшигт тухайн хүн сэтгэлзүйн хувьд өөр өөр байдлаар хариу урвал үзүүлдэг.

  • Айдас
  • Сэтгэл гутрал
  • Сэтгэл түгшилт
  • Төрх үйлийн хямралаар тус тус хариу урвал үзүүлдэг.

Сэтгэл зүйн хариу урвал

Гамшигт нэрвэгдэгсдийн стресст өгөх сэтгэлзүйн хариу урвал нь 5 үе шатаар явагддаг.

  1. Гамшгийн цохилтыг хүлээж авах үе шат – амь насанд аюул занал учирч байгааг, үнэт зүйлээ алдаж байгааг, хайртай хүмүүсээсээ хагацаж байгааг сэтгэлээрээ мэдэрч, хүлээж авна.
  2. Сэтгэлийн шокт орох үе шат – үхтэлээ айж цочирдох, балмагдах, ухаан балартах, цаг хугацаа орон зайн баримжаа алдагдах, сандралд орох, хаашаа ч хамаагүй зугтах, өөрийгөө удирдах хяналтаа алдах, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болж болж хөшлөөр хариу үйлдэл үзүүлэх, биеийн талаас олон шинжүүд илрэх (амьсгаадах, давчдах, амьсгал чадахгүй болох, хоолой боогдох, бачуурах, зүрх дэлсэх, толгой эргэх, хөлрөх гэх мэт)
  3. Бухимдах үе шат – уур бухимдал төрж, уураа хэн нэгэнд гаргах, бусдыг зэмлэх, эргэн тойрны хүмүүс, засгийн газрыг буруутгана. Уурлаж бухимдсанаас шалтгаалан зорилгогүй, шаардлагагүй, сэтгэл хөдлөлдөө автсан сөрөг үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулна.
  4. Дасан зохицолт хямрах үе шат – тухайн хүнд гамшгаас шалтгаалан амьдралд нь тохиолдсон уй гашууд сэтгэл гутрал, сэтгэл түгшилтээр хариу урвал үзүүлж, амьдрах итгэл найдвараа алдах, горьдлогогүй болж, өөрөөсөө болон бусдаас ичиж зовох, ажлаас гарах, согтууруулах ундааг ихээр хэрэглэх зэрэг байдлууд гарна.
  5. Сэтгэл нийгмийн нөхөн сэргээх үе шат – Гамшгаас шалтгаалан сэтгэлийн дарамтанд орсноо өөрөө хүлээн зөвшөөрөх, нөхцөл байдлыг бодитоор хүлээж авах, ойлгож ухамсарлах, хуучин байдалдаа эргэж орох, алдагдсан хөдөлмөрийн чадвараа сэргээх, ажил сургуульдаа эргэж очих, өөртөө итгэл төрөх, ирээдүйн тухай итгэл найдвараа олж авах, гэр бүл найз нөхөдтэйгээ харилцаагаа эргэн хэвийн байдалд орно.

Шинж тэмдэг

Гамшигт нэрвэгдсэн хүмүүст дараах 5 хүрээнд олон шинж тэмдгүүд илэрч болно.

  1. Бие махбодийн талаас – дотор муухай оргих, хоолны дуршил багасах, хөлрөх, чичрэх, толгой өвдөх, толгой эргэх, дүйнгэтэх, булчин татваганах, булчин сулрах, цусны даралт ихсэх, зүрхний цохилт, амьсгалын тоо олширох, хяналтгүй хөдөлгөөн хийх, ядарч сульдах, харааны талбай хязгаарлагдах
  2. Сэтгэл хөдлөлийн талаас – сэтгэл түгших, айдас, сэтгэл хөдлөл огцом өөрчлөгдөх, буруутай юм шиг санагдах, амьд үлдсэндээ буруутай юм шиг санагдах, эсвэл амьд үлдсэндээ хөөрч баярлах, уур уцаар хүрэх, гуниг төрөх, тусламж авч чадахгүй юм шиг санагдах, болж буй үйл явдал худал юм шиг санагдах, баримжаа алдагдах, хяналтаа алдсан мэт мэдрэх, үгүйсгэх мэдрэмж
  3. Танин мэдэхүйн талаас – анхаарал төвлөрөхөд хэцүү болох, эргэлдсэн давтагдсан бодол төрөх, сэтгэн бодох үйл ажиллагаа удаашрах, ой санамжтай холбоотой асуудал үүсэх, эргэлзэх тээнэгэлзэхээс шалтгаалан аливаа зүйлийг нэрлэж чадахгүй байх, асуудлыг шийдвэрлэж чадахгүй болох, ойр зуурын тоо бодох чадвар алдагдах, шийдвэр гаргахад хүндрэлтэй байх, асуудлыг эрэмбэлэх чадваргүй болох, ирээдүйн тухай бодолгүй болох
  4. Төрх үйлийн талаас – нойрны хэмнэл, хоолны дуршил өөрчлөгдөх, өөрийгөө илэрхийлэхэд хүндрэлтэй болох, амархан цочимтгой болох, тасралтгүй ярих, маргаан хийх, дүрсхийн уурлах, үлбэгэр сул дорой болох, сэтгэлийн хөдөлгөөн удаашрах, амарч чадахгүй байх, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ ихсэх,
  5. Сүнслэг талаас – хэт их залбирах, итгэл үнэмшлээ алдах, маш ихээр итгэл алдрах

Тусламж үйлчилгээ, зөвлөгөө

  • Гамшигт өртсөн, нэрвэгдсэн хүмүүс, тэдний ар гэрийнхэн тааламжгүй сөрөг сэтгэл хөдлөлөөр хариу урвал өгөх нь хэвийн сэтгэлзүйн үзэгдэл.
  • Энэ тааламжгүй байдлаас болж хүний бие махбодь, сэтгэлзүйд хүчдэлийн байдал үүсэхийг стресс гэж нэрлэдэг.
  • Эдгээр сөрөг хариу урвал нь ихэнхдээ хэдэн өдрөөс долоо хоногийн хугацаанд үргэлжлээд өөрөө аяндаа алга болдог.
  • Иймээс сэтгэл түгшилт, айдас сандралыг даван туулах зорилгоор согтууруулах ундаа тайвшруулах эм хэрэглэхээс аль болох зайлсхийх шаардлагатай.
  • Өөртөө үүсч байгаа сөрөг мэдрэмжүүд, сэтгэл хөдлөл, биеийн зовиуруудыг дотроо хадгалалгүй аль болох бусдад нээлттэй ярьж, сэтгэлээ уудлах нь стрессийг тайлах нэг арга гэдгийг санах хэрэгтэй.
  • Энгийн стресст тайлах ур чадваруудыг эзэмших, өөртөө дадал болгон хэрэгжүүлэх
  • Сандрах дайралт, түгшилт, айдсын үед тайвшруулах амьсгалын дасгалыг 10-15 минутын хугацаанд хийх
  • Сандрах дайралтанд өртсөн үед аль болох сөрөг сэтгэл хөдлөл, бодолдоо авталгүйгээр өөрийн хяналтаа алдалгүйгээр амьсгалын дасгал, амьсгал давчдах хэт амьсгалах шинж илэрвэл “цаасан уут руу амьсгалах” шаардлагатай.
  • Амиа хорлох эрсдлийг зайлшгүй тооцон, хэрэв илэрч байвал сэтгэцийн эмч лүү илгээн эмчилгээнд хамруулах шаардлагатай.

Хэрэв тухайн хүн гамшигтай холбоотой сэтгэлзүйн асуудлаа шийдвэрлэхгүй бол цаашид сэтгэл гутрал, нойрны хямрал, согтууруулах ундаа, мансууруулах бодисын хэтрүүлэн хэрэглээ, гэмтлийн дараах стрессийн эмгэгээр өвчлөх эрсдэл нэмэгддэг байна.

Эмчилгээ

  • Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээг шаардлагатай тохиолдолд сэтгэцийн эмчийн үзлэг, оношинд үндэслэн хийнэ.
  • Танин мэдэхүй төрх үйлийн сэтгэл засал эмчилгээ
  • Ганцаарчилсан сэтгэл засал
  • Бүлгийн сэтгэл засал
  • Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээ (урлаг эмчилгээ, хөгжим эмчилгээ гэх мэт)