Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ?

 

Төрсний дараах сэтгэл гутрал нь хэнд ч тохиолдож болох сэтгэцийн тулгамдсан асуудал юм. 

Тодорхойлолт: Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг нь эх амаржсаны дараа 1 жилийн дотор сэтгэл санаа уйтгарлаж гуниглах, уйлах, тайван бус тогтворгүй, уур уцаартай болох, сэтгэл түгших, ядарч туйлдан сэтгэлийн тавгүй байдлаас болж шинэ төрсөн нярай хүүхдэдээ анхаарал халамж тавих нь буурах зэрэг шинжээр илэрдэг эмгэг юм.

Төрсний дараах сэтгэл гутрал нь биологи, нийгэм, сэтгэлзүйн хүчин зүйлстэй салшгүй холбоотой билээ. Хэрвээ жирэмсэн байх хугацаандаа сэтгэл гутрах эмгэгийг эмчлэхгүй бол төрсний дараа олон сөрөг үр дагаварт (бие махбодийн архаг хууч өвчнөөр өвдөх, архи мансууруулах бодисын хамааралтай болох, амиа егүүтгэл гэх мэт) хүрдэг болохыг судлаачид тогтоосон.

Цаашилбал ураг эхээсээ байнга бие, сэтгэцийн талаас сөрөг нөлөөлөлд байсаар дутуу, бага жинтэй төрөх, эхийн сүү хангалтгүй улмаас хоол тэжээлийн дутагдалд хүрэх, сэтгэлзүй болон биеийн хөгжил хоцрогдох, танин мэдэхүйн хөгжил сулрах гэх мэт олон сөрөг байдал үүсч болох юм гэжээ. Үүнээс харахад төрсний дараах сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх нь эх хүүхдийн эрүүл мэндэд маш чухал билээ.

Тоо баримт:

  • ДЭМБ, НҮБ-ын хүн амын сангийн хамтарсан судалгаанд төрсний дараах сэтгэл гутрал нь өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10-15 хувийг эзэлдэг бол хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байна гэжээ.
  • Aвстрали улсын 10 эхчүүд тутмын 1 нь жирэмсэн үедээ сэтгэл гутралтай, 7 ээж тутмын 1, 20 аав тутмын 1 нь төрсний дараах сэтгэл гутралтай байдаг гэсэн судалгаа байдаг.
  • Зөвхөн АНУ – д жил бүр ойролцоогоор 600,000 эмэгтэй энэхүү эмгэгт өртдөг.
  • Төрсний дараах сэтгэл гутралтай эмэгтэйчүүдийн тал хувь нь жирэмсэн үедээ эхэлж, сэтгэл гутралын эхний шатан дээр байдаг.
  • Төрсний дараах сэтгэл гутралтай эмэгтэйчүүдийн зөвхөн15 хувь нь мэргэжлийн тусламж үйлчилгээ авдаг.
  • Төрсний дараах эхний 3 сард сэтгэл гутрах эмгэгээр өвдсөн ээжүүдийн 40% нь жирэмсэн үедээ сэтгэл гутрал нь эхэлсэн байдаг ба эрт үеийн эмчилгээ нь төрсний дараах сэтгэл гутралын эрсдэлийг бууруулдаг.
  • Хэрэв ямар нэгэн дэмжлэг туслалцаа, эмчилгээ авахгүй бол төрсний дараах сэтгэл гутрал урт хугацаанд үргэлжилж болно.
  • Монгол улсын хэмжээнд Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр жил бүр 80000 эх амарждаг байна.
  • 2002 онд Улаанбаатар хотод 1044 эмэгтэйд төрсний дараах сэтгэл гутралыг судлахад сэтгэл гутралын тархалт 9.1% байжээ.

 

  • 2017 онд АНУ-ын Рочестрийн их сургуулийн дэмжлэгтэйгээр 480 ээжүүдэд хийгдсэн судалгаанд оролцогчдын 31.5 хувь буюу 3 эхийн 1 нь төрсний дараах сэтгэл гутралтай гэж үнэлэгдсэн.

Шинж тэмдгүүд:

  • Хоолны дуршилгүй болох
  • Нойргүйдэх
  • Уурлаж бухимдах байдал ихсэх
  • Ядарч сульдах
  • Бэлгийн харьцаанд орох сонирхолгүй болох
  • Амьдралын баяр баясгалангүй болох
  • Ичих, гэм буруутай юм шиг санагдах, сэтгэл дундуур байгаа мэт мэдрэмж төрөх
  • Сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд илрэх
  • Гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрөх
  • Хүүхдэдээ тавих анхаарал халамж буурах
  • Хүүхдээ болон өөрийгөө гэмтээх бодол төрөх

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс илэрч байвал манай сайтын СЭТГЭЛЗҮЙН СОРИЛ хэсэгт зочилон өөрийн сэтгэл санааны байдлаа тодорхойлоорой.

Төрсний дараах сэтгэл гутралыг сэтгэлзүйн тусламж болон сэтгэл гутралын эсрэг эмээр эмчилдэг.

  1. Сэтгэлзүйн тусламж нь өөрийнхөө санаа зовоосон асуудлын талаар сэтгэцийн мэргэжилтэнтэй ярилцах боломжийг олгодог. Сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авснаар та өөрийн мэдрэмжээ зохицуулах арга замыг олж мэдэн, асуудлаа шийдвэрлэж, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй болно.
  2. Сэтгэл гутралын эсрэг эм нь төрсний дараах сэтгэл гутралыг эмчилдэг батлагдсан эмчилгээ юм. Эм нь хөхний сүүгээр хүүхдэд дамждаг учир сэтгэл гутралын эсрэг эмийн гаж нөлөө, ашиг тусын талаар сэтгэцийн эмчтэй зөвлөх шаардлагатай.

Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!