Зөн совиндоо итгэ
Хэрэв танд ямар нэг хэвийн биш мэдрэмж төрж байгаа бол ямар нэг асуудал үүссэн байх магадлал өндөр. Та өөрийн мэдрэмж зөн совингоо сонсох мөн энэ талаар хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Цаашлаад мэргэжлийн хүнд хандах нь бүр ч зөв алхам байж мэднэ.
Уйлах
Жирэмсний үед зарим төрлийн дааврын хэмжээ өөрчлөгддөг ба төрсний дараа хэвийн хэмжээндээ орох гэж бие эрхтэн тэмцдэг. Нулимсаар дамжиж даавар гадагшилдаг тул уйлах нь танд зарим талаараа ашигтай.
Хүүхдээ хөхөөр хоолло
Хүүхдээ хөхөөр хоолло. Хүүхдээ хөхөөр хооллодог эмэгтэйчүүдийн дунд төрсний дараах сэтгэл гутрал тохиолдох нь хүүхдээ хөхүүлдэггүй эмэгтэйчүүдээс харьцангуй бага байдаг. Гэхдээ хөхүүлэхийг хүссэн ч боломжгүй эсвэл тө өөрөө хөхүүлэхийг хүсэхгүй байгаа бол өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хүчлэх нь байдлыг бүр дордуулдаг.
Сайн нойр авах
Нярай хүүхэдтэй эхчүүдийн хувьд бүтэн нойртой байна гэдэг нь боломжгүй мөрөөдөл мэт боловч сайн унтаж амрах нь таны биед маш чухал юм. Та өөрийн нөхөр эсвэл гэр бүлийн хэн нэгний тусламжтайгаар 3 өдөрт ядаж 1 удаа бүтэн нойртой хонох нь эрүүл мэндэд тань тустай. Бүүр боломжгүй бол өдрийн цагаар хүүхэдтэйгээ хамт унтаж сурах хэрэгтэй.
Сайн унтаж амрах үед таны бие өөрийгөө сэргээн засах, сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг давах чадвар нэмэгддэг.
Цагаа зөв зохицуулах
Хүүхэддээ, нөхөртөө, гэр орны ажил гэх мэт зүйлд зарцуулах цагаа зөв тохируулах хэрэгтэй. Энэ талаар нөхөртэйгөө аль болох сайн ярилцаж харилцан бие биенээсээ хүлээх хүлээлтээ нэгтгэх хэрэгтэй.
Найз нөхөдтэй болох
Сэтгэл тавгүй үедээ дотны найзууд эсвэл хамаатны дотно хүмүүстэйгээ уулзаж ярилцаж бай. Өөрийг чинь хайралж, хүндэлж, ойлгодог хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.
Хүүхэддээ массаж хийж сурах
Хүүхдээ юунаас болж уйлж байгааг нь тодорхойлж чадахгүй байх нь эхчүүдийг төрсний дараах сэтгэл гутралд оруулах нэг шалтгаан болдог. Хүүхэд улам их уйлах тусам эхчүүд улам их сэтгэл гутралд орж эх үрийн нандин холбоо үүсэхэд саад болдог. Нярай хүүхдэд хэрхэн иллэг массаж хийж тайвшруулахыг мэргэжлийн хүнд хандаж эсвэл энэ талаарх видео хичээлийг олж үзэх хэрэгтэй.
Мэргэжлийн эмчид хандах
Хэрвээ танд сэтгэл санаа түгшсэн, уйтгартай, уйлмаар, итгэл найдвараа алдсан мэт, үргэлж маш их ядраад байгаа мэт, хоолны дуршил буурсан, зовлонтой, ямар нэг зүйлд буруутай мэт мэдрэмжүүд төрж байгаа бол энэ нь төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдгүүд юм. Энэ мэдрэмжүүд төрсний дараа 1 сараас дээш хугацаагаар үргэлжилбэл та мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Таны нөхөр эсвэл таны гэр бүлийн хүмүүс таньд тохиолдоод байгаа зүйлийг ойлгохгүй байж магадгүй харин мэргэжлийн эмч таныг энэ бүхнийг даван туулахад чиглүүлэх болно.
Бусад ээжүүдтэй ярилцах
Нярай хүүхэдтэй бол таны бүх цаг зав хүүхдээ асарч анхаарахад зарцуулагдана. Энэ нь танд гаднах ертөнцөөс тусгаарлагдсан, ганцаардсан, гунигтай мэт мэдрэмжийг төрүүлж улмаар төрсний дараах сэтгэл гутралын нэг шалтгаан болж өгдөг. Шинэхэн ээжүүдийн групт нэгдэж тэдэнтэй санал бодлоо хуваалцах, өөртэй чинь адил төрсний дараах сэтгэл гутралаар шаналж буй эсвэл төрсний дараах сэтгэл гутралыг даваад гарсан хүмүүстэй уулзаж ярилцаж сэтгэлээ нээх нь танд тустай.
Хэрэгтэй бол сайн уйлах
Төрөх ойртох тусам гормоны нөлөөгөөр эмэгтэйчүүд өөрийн эрхгүй уйламхай болдог ба төрсний дараа эргээд хэвийн хэмжээндээ ордог. Бие организм илүүдэл гормоноо нулимсаар гадагшлуулдаг тул хэрвээ уйлмаар санагдвал хүчээр нулимсаа барих гэсний хэрэггүй сайн уйлж өөрийгөө тайвшруулах хэрэгтэй.
Биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийх
Сэтгэл гутрал нь таны биеийг эрч хүчгүй, идэвхгүй, сулбагар болгодог. Харин биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийх үед хүний биенээс эндорфин ялгарч үр дүнд нь таны сэтгэл гутрал буурч, сэтгэл санаа өөдрөг болдог. Фитнес клубт оч, иогоор хичээллэ, гэртээ дасгал хий, хүүхдээ салхилуулж байхдаа ч дасгал хөдөлгөөн хий. Энэ нь магадгүй таныг шинэ найз нөхөдтэй болоход ч тусална.
Амарч, тайвширч сурах
Төрсний дараах сэтгэл гутралтай, сэтгэл хөдлөл хэт ихэссэн үед ээжүүд хүүхэд уйлахад хайхрамжгүй хандах, үл тоох байдал гаргадаг. Үр дүнд нь хүүхдийн байн байн уйлах нь улам ихсэж улмаар ээжийн сэтгэл гутралыг улам нэмэгдүүлдэг. Иймээс өөрийгөө амрааж тайвшруулж сурах хэрэгтэй. Намуухан хөгжим сонсох, ваннтай халуун усанд суух, массаж хийлгэх нь танд гайхалтай сайхан амралт болно. Бясалгал хийх ч бас үр дүнтэй аргуудын нэг.
Өөртөө таарсан бодит зорилт тавих
Шинэхэн төрсөн ээжүүд хүүхэддээ бүх цаг заваа зарцуулах хэрэгтэй болдог тул өмнө хийдэг байсан олон зүйлээсээ татгалзахад хүрдэг. Тиймээс та өөрийн хийхээр төлөвлөж байсан ажлуудаа эргэн харж шинээр төлөвлөж аль болох амжуулж чадах бодитой зорилго зорилтыг өмнөө тавих хэрэгтэй.
Нөхөртэйгөө илэн далангуй бай
Төрсний дараах сэтгэл гутрал нь гэр бүлийн харилцааг таарамжгүй болгодог. Иймээс та өөрт тулгарч буй асуудлаг нөхөртөө илэн далангүй хэлж ойлгуулж тусламж хүсэх хэрэгтэй.
Бүхнийг чадагч супер ээж байхыг хичээх хэрэггүй
Төрсний дараа нярай хүүхдийг асрахаас эхлээд олон шинэ зүйлтэй тулгардаг. Та бусдын л адил хүн учраас бүх зүйлийг төгс мундаг хийх албагүй. Бүгдийг төгс хийх гэж хичээх нь сэтгэлийн дарамт болдог тул заримдаа алдаа дутагдал гаргасан ч өөрийгөө битгий буруутга. Та төгс биш ч гайхалтай ээж байж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй.
Боломж олдуул унтаж амарч байгаарай
Төрсний дараах сэтгэл гутралын улмаас шаналж байгаа хүмүүс нойрны асуудалтай тулгардаг. Ялангуяа шөнө олон сэрж хүүхдээ хөхүүлж байгаа үед хангалттай сайн нойр авахад хэцүү байдаг. Гэсэн хэдий ч өдөрт дор хаяж 8 цагийн турш унтаж амрах хэрэгтэй.
Нарны гэрэл суух
Таны биед байх ёстой Д витамины хэмжээ багасах үед сэтгэл гутралд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс өөрт хэрэгтэй Д витаминыг өдөр бүр авч байх хэрэгтэй. Өөрт хэрэгтэй Д витаминыг авах хамгийн энгийн арга бол наранд гарч нарны гэрэлд суух юм.
Сэтгэлээ онгойлгодог хүнтэй байх
Сэтгэлээ онгойлгохгүй, удаан хугацаагаар дотроо хадгалах нь төрсний дараах сэтгэл гутралыг улам даамжруулдаг. Тиймээс өөрт тохиолдож буй, мэдрэгдэж буй зүйлсээ дотны хүндээ ярьж хуваалцах нь чухал. Асуудлаа бусадтай хуваалцах нь та өөрийгөө болох өөрийн асуудлаа хөндлөнгийн өнцгөөс харж дүгнэлт хийхэд ч тустай.
Тэмдэглэл хөтлөх
Өөрийн сэтгэл хөдлөлийнхөө талаар тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Ингэснээр та эдгээр сэтгэл хөдлөлүүд байнгын биш түр зуурынх гэдгийг ойлгох болно. Сэтгэл түгших, уйтгар гунигтай болох, уур бухимдал төрөх гэх зэрэг хүчтэй сэтгэл хөдлөлийн үед энэ талаараа тэмдэглэл хөтөлж дэлгэрэнгүй бич. Олон дахин сэтгэл хөдлөлүүдийнхээ талаар дэлгэрэнгүй бичих нь магадгүй танд тайвшралыг авчрах ба юунаас болж эдгээр асуудлууд үүсч байгааг ойлгоход мөн түүнчлэн хэрхэн даван туулах арга замаа олоход тань тусална.
Тантай адилхан шаналж байгаа бусад ээжүүдтэй уулзах
Өөртэй чинь адил хүнд хэцүүг туулж байгаа хүмүүстэй уулзаж ярилцах нь магадгүй таны нүдийг нээж өгч болох юм. Төрсний дараах сэтгэл гутралтай байсан, даван туулсан, эсвэл одоо ч гэсэн үүнээс болж шаналж байгаа хүмүүстэй уулзаж ярилцан тэдний туулж байгаа, туулсан зам, мөн хэрхэн даван туулсан туршлагыг сонсох нь танд хэрэгтэй байж мэднэ.
Өөрөө өөртөө цаг гаргах
Хааяа ч гэсэн гэрээсээ гарч өөрийнхөө дуртай таашаал авдаг зүйлсээ хийх нь сөрөг бодол болон мэдрэмжүүдээ түр ч болов мартах боломжийг олгодог. Амьдралынхаа аз жаргалтай хором мөчүүдийг эргэн дурсах, мөн амьдралдаа талархалтай ханддаг зүйлсийнхээ талаар бод.
Өөрийгөө бусдаас тусгаарлахгүй байх
Өөртэй чинь адил хүнд хэцүүг туулж байгаа хүмүүстэй уулзаж ярилцах нь магадгүй таны нүдийг нээж өгч болох юм. Төрсний дараах сэтгэл гутралтай байсан, даван туулсан, эсвэл одоо ч гэсэн үүнээс болж шаналж байгаа хүмүүстэй уулзаж ярилцан тэдний туулж байгаа, туулсан зам, мөн хэрхэн даван туулсан туршлагыг сонсох нь танд хэрэгтэй байж мэднэ.
Өөрийнхөө гайхалтай шинж чанарыг олж харахыг хичээ
Сэтгэл гутрал болон сэтгэл түгшил нь таныг хамгийн муу ээж болсон мэт мэдрэмж, бодлыг төрүүлдэг. Гэхдээ та энэ бодлоосоо салах хэрэгтэй. Учир нь та энэ дэлхий дээрх хамгийн хайр татам хүүхдийг төрүүлсэн түүнийхээ төлөө бүхнийг даван туулах чадвартай гэдгээ өөртөө сануулах хэрэгтэй.
Өөрийн сөрөг бодлоо таних
Төрсний дараах сэтгэл гутралыг үүсгэдэг үндсэн хөдөлгүүр бол сөрөг бодол юм. Сөрөг зүйлүүдийг их бодох тусам яваандаа та тэдгээр бодлуудыг автоматаар бодож эхлэдэг ба энэ нь хэвийн зүйл мэт болж хувирдаг. Төрсний дараах сэтгэл гутралаас салахын тулд сөрөг бодлоосоо салах хэрэгтэй. Ийм учраас юуны түрүүнд өөрт тань сөрөг бодол төрж байгаа эсэхийг таниж мэдэх нь чухал.
Сөрөг бодлуудаа жагсааж бич
Сөрөг бодлуудаа жагсаач бич. Энэ нь танд өөрийгөө хөндлөнгийн өнцгөөс харах боломжийг олгоно. Мөн юунаас болж эдгээр сөрөг бодлууд төрж байгааг анзаарч үүнээс хэрхэн салах арга замаа олохыг хичээх хэрэгтэй. Сөрөг бодлыг аль болох эерэг бодлоор солихыг хичээх хэрэгтэй. Тиймээс өөрийн өмнө нь гаргаж байсан амжилт, аз жаргалтай дурсамж, таны сэтгэлийг сайхан болгодог зүйлс дээр төвлөрөх хэрэгтэй.
Өөрөө өөртэйгөө ярилцах
Та өөрийн дотоод хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Ингэхдээ өөртөө хэт хатуу хандаж өөрийгөө буруутгах хэрэггүй. Түүний оронд хамгийн сайн найздаа зөвлөгөө өгч байгаа мэт өөрөө өөртэйгөө ярилцах хэрэгтэй. Та мэдээж хамгийн сайх найздаа зөвлөгөө өгөхдөө буруу хийсэн бүх зүйлийг дахин дахин сануулж сэтгэлээр унагахгүй нь лавтай. Харин эсрэгээр түүнтэй эелдэг зөөлөн харьцаж түүний хийж бүтээж байсан гайхалтай зүйлс, өмнө нь амьдралдаа зовлон бэрхшээлийг хэрхэн даваад туулсныг нь сануулж сэтгэл санаагаар дэмжих байсан нь гарцаагүй юм. Тиймэээс өөртөө ч бас яг л ингэж хандах хэрэгтэй. Мөн түүнчлэн өөрийгөө бүх зүйлд буруутгах гэсний хэрэггүй.
Мэргэжлийн эмчид хандаж сэтгэл гутралын үед уудаг эм уух
Төрсний дараах сэтгэл гутрал нь удаан хугацаанд үргэлжлэх тусам дараа нь эмчилгээ улам их шаарддаг. Тиймээс бага дээр нь мэргэжлийн эмчид хандах нь чухал. Мэргэжлийн эмчийн зөвлөсний дагуу сэтгэл гутралын үед хэрэглэдэг эмийн эмчилгээг сонгож болно.
Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!