Англиар «burnout», оросоор «профессиональное выгорание» гэж нэрлэгддэг уг нэр томъёог анх 1974 онд мэдрэлийн эмч, сэтгэл судлаач Фрейденберг гаргажээ.
Ажлаас халширч байгааг хэрхэн мэдэх вэ?
Үл тоомсорлох, сэтгэл зүйн хувьд халшрах, ядарч тамирдах (хүн урьдынх шигээ ажилдаа өөрийгөө зориулж чадахаа болих), хүнлэг бус болох (хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгч нартаа сөргөөр ханддаг болох), мэргэжлийн хувьд өөрийгөө голох, мэргэжлийн ур чадвараа хангалтгүй байна гэж мэдрэх тохиолдлууд гарвал энэ шинж илэрч байж болох юм.
Ажлаас халшрах хам шинжийн хүчин зүйлс:
- Бие хүний хүчин зүйл – Мэдрэмтгий, бусдыг өрөвдөмтгий, хүнлэг, зөөлөн, тогтворгүй, дотогшоогоо чиглэсэн
- Ажил үүргийн хүчин зүйл – Ажил үүргийн тодорхойгүй байдал, ажлын ачаалал хэт их эсвэл хэт бага байх, ажил үүргийн харьцангуй хуваарилалт
- Байгууллагын хүчин зүйл – Баг хамт олон, ажлын нөхцөл байдал, удирдлагатай холбоотой асуудлууд
- Үйлчлүүлэгч ба харилцагч нарын хүчин зүйл – Сэтгэлзүйн байдал тогтворгүй, харилцааны соёлгүй, өвчтэй, хэцүү үйлчлүүлэгч нар
Ж. Гринбергийн Ажлаас халшрах хам шинж -ийн таван үе шат
- АХХШ-ийн нэгдүгээр шат /”Бал сар”/
- Ажилтан өөрт нь өгсөн ажил, даалгаварт ихэвчлэн сэтгэл хангалуун байх бөгөөд идэвхи санаачлагатайгаар ханддаг.
- Гэвч ажлын байран дахь стресс үргэлжлэхийн хэрээр мэргэжлийн үйл ажиллагаа нь ажилтанд таашаал өгөх нь багасах ба эрч хүчтэй ажиллахаа больж эхэлнэ.
- АХХШ-ийн хоёрдугаар шат /”Түлш дутагдах”/
- Үе үе ядрах болж, нойр хүрэхээ больж эхэлнэ.
- Ажиллах эрмэлзэл болон сэдэл алга болсноор ажлын сонирхол үгүй болж, бүтээмж буурна. Магадгүй хөдөлмөрийн сахилга бат алдагдаж, мэргэжлийн үүргээсээ зайлсхийх болно.
- Ажилтан өндөр сэдэлтэй тохиолдолд өөрийгөө зовоосоор байх бөгөөд эрүүл мэндээрээ хохирно.
- АХХШ-ийн гуравдугаар шат /архаг симптом/
- Амралтгүй ажиллах нь бие махбодийн хувьд туйлдах, өвчинд нэрвэгдэх, харин сэтгэлзүйн хувьд байнга уурлаж бухимдах, сэтгэлийн дарамттай болгодог.
- Мөн байнга л цаг хүрэлцэхгүй байгаад шаналдаг болно./менежерийн синдром/.
- АХХШ-ийн дөрөвдүгээр шат /хямрал/
- Архаг өвчлөлүүдийн дүнд хүн хэсэгхэн хугацаанд эсвэл бүр мөсөн ажиллах чадвараа алддаг.
- Улмаар өөрийн үр өгөөжгүй ажиллаж байгаадаа сэтгэлээр унаж, цаашлаад амьдралын утга учраа ч алдахад хүрж болзошгүй.
- АХХШ-ийн тавдугаар шат /”Хананд тулах”/
- Биеийн болон сэтгэл зүйн асуудал илүү хурц хэлбэрт шилжиж хүний аминд заналхийлсэн аюултай өвчлөлд ч хүргэж болзошгүй.
- Тухайн ажилтанд хэт их асуудал үүсч, ажлын шат ахих боломжгүй байдалд тулж болох юм.