Тодорхой шалтгааны улмаас тухайн хүнд бие махбодийн олон зовиур шаналгаа, оюун сульдлын болон сөрөг сэтгэлзүйн бүлэг шинжүүд нь 3 сар болон түүнээс дээш хугацаанд тогтвортой илэрдэг эмгэгийг архаг ядаргаа гэнэ.

Судлаачид ядаргааг бие махбодийн түвшинд байж болох үзэгдэл хэдий ч хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд ихээхэн хохиролтой, олон өвчний эх үүсвэр гэдгийг тогтоосон.
АНУ-д хийсэн судалгаагаар архаг ядаргааны 80 хувь нь оношлогдохгүй, эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй гэж үздэг. Архаг ядаргааны тархалт нь нийт хүн амын 25 хүртэлх хувийг эзэлж болох ба 20-40 насныханд түгээмэл тохиолдохын зэрэгцээ, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол архаг ядаргаагаар 2 дахин илүү өвчилдөг болохыг тогтоосон.

Харин Монгол улсад 2013 онд хийгдсэн “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа” – нд архаг ядаргаа нь 16.2 хувийг эзэлж байжээ.

Архаг ядаргаа үүсэх шалтгаанууд:

  1. Сэтгэлзүйн хүчин зүйлс: уурлах бухимдах, сэтгэл түгших, сэтгэл гутрах гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд
  2. Нойргүйдэлтэй холбоотой хүчин зүйлс: нойрон дундаа сэрэх, өглөө эрт сэрэх, хар дарж зүүдлэх
  3. Амьдралын буруу хэвшилтэй холбоотой хүчин зүйлс: хөдөлгөөн, идэвх багатай амьдралын хэв маяг, ажлын хэт ачаалал, нойрны хэмнэл өөрчлөгдөх, согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ, таргалалт, буруу хооллолт, дасгал хөдөлгөөн хийхгүй байх
  4. Бие махбодийн эмгэгтэй холбоотой хүчин зүйлс: цус багадалт, цагаан мөгөөрсөн хоолойн багтраа, үрэвсэл, чихрийн шижин, үе мөчний үрэвсэлт өвчин, бамбай булчирхайн эмгэг, тархины гэмтэл, тархины судасны хатуурал, архи, мансууруулах бодис донтох эмгэгүүд

Архаг ядаргаа үед илрэх шинж тэмдгүүд

Бие махбодийн талаас

  • Амархан ядрах, тамир тэнхээ тасрах
  • Амрах үед ядаргаа тайлагдахгүй байх
  • Ажлын ялимгүй ачаалал даахаа болих
  • Биеийн эрч хүч сэргэлэн цовоо байдал алдагдах
  • Нойр хямрах
  • Толгой өвдөх, толгой эргэх
  • Зүрх дэлсэх, даралт хэлбэлзэх
  • Шөнө хөлрөх, гар хөл халуун эсвэл хүйтэн оргих
  • Булчин, үе мөчөөр өвдөх
  • Хоол хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлд харшламтгай болох
  • Ходоод гэдэсний хямрал (өтгөн хатах эсвэл гүйлгэх, ходоод өвдөх, дотор муухай оргих)
  • Нүд гэрэлд хэт мэдрэг болох, нүд бүрэлзэх, нүд өвдөх
  • Дуу чимээнд мэдрэг болох
  • Үс унах
  • Бэлгийн дур хүсэл буурах

Оюун сульдлын талаас 

  • Ажлын чадвар бүтээмж нь буурах
  • Оюуны хүч шаардсан ажил хийхэд амархан ядарч сульдах
  • Анхаарал сарнимтгай тогтворгүй болох
  • Эхэлсэн ажлаа дуусгаж чадахгүй байх
  • Мартамхай болох
  • Сэтгэн бодох чадвар буурах
  • Сэргэлэн биш дүйнгэ болох

Сэтгэл санааны талаас

  • Сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй
  • Амархан уйлах, гомдох, амархан баярлах, уурлах
  • Биеэ барих чадвар буурах, уур уцаар ихсэх
  • Сэтгэл түгших тайван биш болох, сэтгэлээр унах
  • Биеэ чагнамтгай болох

Танд дээрх шинжүүд сүүлийн 3 сараас дээш хугацаагаар тогтвортой, байнга илэрч байвал харьяа дүүргийнхээ мэдрэл болон сэтгэцийн эмчид хандах шаардлагатай.