Хүн бүрийн бэлгийн амьдрал өөр өөрийн гэсэн хувийн онцлогтой байдаг ажээ. Өөрөөр хэлбэл хувь хүн бүрийн бэлгийн дур хүсэл, мэдрэмж, таашаал өөр өөр байдаг.

Одоогоос 20-30 жилийн өмнө зөвхөн гетеросекс чиг баримжааг сэтгэц бэлгийн хэвийн чиг баримжаа гэж ойлгон гомосекс, бисекс хүмүүсийг “хэвийн бус бэлгийн хөгжил”, “ижил хүйстэнтэйгээ явалдах өвчин”, “бэлгийн эмгэг”, “бэлгийн дон” гэх мэтчилэн муу нэрийн шошго зүүж, нийгмээрээ ялгаварлан гадуурхдаг байсан бол орчин үед гетеросекс, гомосекс, бисекс чиг баримжааг аль алиныг сэтгэц бэлгийн хэвийн хөгжил, хэвийн чиг баримжаа хэмээн үнэлдэг болсон. Хүйсийн чиг баримжаа нь байгалаас заяасан, хэвийн эрүүл зүйл юм. Хувь хүн хүйсийн чиг баримжааг өөрөө сонгох эсвэл өөрөө дураараа өөрчлөх ямар ч боломжгүй юм.

Ижил хүйсийн чиг баримжааг сэтгэцийн эмгэг хэмээн авч үздэг байсан ойлголт дэлхийн ихэнх улс орнуудад үгүй болжээ. 1973 онд Америкийн Сэтгэцийн Эмгэгийн Нийгэмлэг нь оношийн ангиллаас хассан бол 1980 онд Сэтгэцийн Эмгэгийн Олон Улсын Оношлогооны Ангиллаас (DSM) тус тус хасчээ. Монгол улсын хэмжээнд баримталдаг Өвчний Олон Улсын 10-р ангилалд (ICD 10) ижил хүйсийн чиг баримжааг хэвийн гэж үнэлж, дангаар нь эмгэг гэж авч үзэхгүй хэмээн тусгасан байна.

Хүйсийн чиг баримжаа ухагдагдахууныг ойлгохын тулд бэлгийн обьектын тухай мэдэх зайлшгүй шаардлага гарна.

Бэлгийн обьект гэдэг нь хувь хүн бэлгийн харилцаанд орж бэлгийн дураа хөдөлгөж, улмаар бэлгийн хөөрөлд автаж бэлгийн таашаал хүртэхийн тулд ашиглаж байгаа тэрхүү зүйлийг буюу бэлгийн дураа хангах зүйлээ сонгож авахыг хэлнэ.

Хүйсийн чиг баримжааны ангилал

Бэлгийн обьектоор нь хувь хүний ижил хүйсийн чиг баримжааг дараах 3 бүлэгт хуваадаг.

  1. Гетеросекс чиг баримжаа
  2. Гомосекс чиг баримжаа
  3. Бисекс чиг баримжаа

Гетеросекс чиг баримжаа гэдэг нь хувь хүн бэлгийн обьектоор буюу бэлгийн дураа хангах зүйлээр эсрэг хүйсний насанд хүрсэн хүнийг сонгодог бие сэтгэлээрээ татагдан дурладаг эсрэг хүйсийн чиг баримжаа юм. Гетеросекс гэдэг нь heteros – өөр, sexus – хүйс гэсэн утгатай грек үг.

Гомосекс чиг баримжаа гэдэг нь хувь хүн бэлгийн обьектоор буюу бэлгийн дураа хангах зүйлээр эсрэг өөртэйгээ ижил хүйсний насанд хүрсэн хүнийг сонгодог бие сэтгэлээрээ татагдан дурладаг ижил хүйсийн чиг баримжаа юм. Гетеросекс гэдэг нь homo – ижил, sexus – хүйс гэсэн утгатай грек үг. Ийм хүмүүс бэлгийн амьдралын хувьд ижил хүйсний хүнд татагдаж, ижил хүйсний хүнтэй бэлгийн харилцаа тогтоодог.

  • Гомосекс чиг баримжаатай эрэгтэй хүн – Бэлгийн обьектоор буюу бэлгийн дураа хангах зүйлээр эрэгтэй хүнийг сонгодог бие сэтгэлээрээ татагдан дурладаг ижил хүйсийн чиг баримжаатай эрэгтэй хүнийг гей гэдэг.
  • Гомосекс чиг баримжаатай эмэгтэй хүн – Бэлгийн обьектоор буюу бэлгийн дураа хангах зүйлээр эмэгтэй хүнийг сонгодог бие сэтгэлээрээ татагдан дурладаг ижил хүйсийн чиг баримжаатай эмэгтэй хүнийг лесби гэдэг.

Бисекс чиг баримжаа гэдэг нь бэлгийн обьектоор буюу бэлгийн дураа хангах зүйлээр эрэгтэй, эмэгтэй хүний аль алиныг сонгох чадавхитай ижил хүйсийн чиг баримжаа юм. Бисекс гэдэг нь bi – хоёр, sexus – хүйс гэсэн утгатай грек үг. Бисекс ижил хүйсийн чиг баримжаатай хүмүүс эрэгтэй, эмэгтэй хүний хэн хэнтэй нь бэлгийн харилцаанд орох чадвартай байдаг.

Ижил хүйсийн чиг баримжааны тархалт

Хүн амын 94-96 хувийг гетеросекс хүмүүс эзэлдэг байна. Дэлхийн хэмжээнд хийгдсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад нийт хүн амын 2-4 хувийг гомосекс хүмүүс эзэлж байжээ. 1989 онд Чикагогийн их сургуулийн хийсэн судалгаагаар гетеросекс хүмүүс 1 хувийг, 1994 онд АНУ-д хийсэн хүн амын тооллогоор 2-3 хувийг эзэлж байна гэсэн үр дүнгүүд гарсан. 1993 онд Алан Гудмачерийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар эрэгтэй оролцогчдын 1 хувь нь ижил хүйсний хүнтэй сүүлийн 1 жилийн хугацаанд бэлгийн харилцаанд орсон, 2 хувь нь амьдралынхаа хугацаанд ижил хүйсний хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэж хариулжээ.

Гей эрэгтэйчүүдийн хувьд анх өсвөр насны эхэн үедээ ижил хүйсний хүнд татагдах байдал эхэлдэг бол лесби эмэгтэйчүүдийн хувьд анх өсвөр наснаас өмнө ижил хүйсний хүнд татагдах байдал нь эхлэх ба өсвөр нас дуусах үед энэ байдал нь илүү тод илэрдэг байна. Лесби эмэгтэйчүүдийн 56 хувь, гей эрэгтэйчүүдийн 19 хувь нь анхны бэлгийн харилцааг эсрэг хүйсийн хүнтэй тогтоосон гэжээ.

Ижил хүйсийн чиг баримжааны тухай зарим онол

Сэтгэлзүйн хүчин зүйл Ижил хүйсийн чиг баримжаа үүсэх шалтгаан одоог хүртэл оньсого хэвээр байсаар байна. З.Фрейд үзэхдээ: Ижил хүйсийн чиг баримжаа бол сэтгэцийн эмгэг биш юм. Харин хувь хүний сэтгэц бэлгийн хөгжил аливаа нэг үедээ саатсанаас жишээлбэл эрэгтэй хүүхдэд агтлахаас айх айдас, эмэгтэй хүүхдэд Эдипийн өмнөх үед ээжтэй холбоотой үүссэн айдас, бэлэг эрхтний үзэн ядах, мөн шийдвэрлэгдээгүй Эдипийн будлианы улмаас сэтгэц бэлгийн хөгжил саатсанаас үүсч болох юм гэжээ.

Сэтгэц динамик онолоор хүүхэд насанд болж өнгөрсөн нөхцөл байдлууд ижил хүйсийн чиг баримжаа үүсэхэд нөлөөлж болох юм гэжээ. Жишээлбэл: эрэгтэй хүүхэд ээжээсээ хэтэрхий хамааралтай байх, эцгийн нөлөөлөл бага байх, сэтгэц бэлгийн хөгжлийн ухралт, сэтгэл бэлгийн хөгжлийн саатал зэрэг нь нөлөөлдөг байх магадлалтай байдаг байна. Орчин үеийн психоанализын онолоор ижил хүйсийн чиг баримжаа нь хүүхдэд 3-5 насанд илэрч эхэлдэг гэж үзжээ.

Биологийн хүчин зүйл Сүүлийн жилүүдэд ижил хүйсийн чиг баримжааг илүү нарийвчлан судлахын тулд генетик, биологийн хүчин зүйлд чиглэгдсэн олон судалгааны ажлууд хийгдэж байна. Зарим судалгааны үр дүнгээс харахад гей эрэгтэй хүмүүсийн цусаар эргэлдэх андроген дааврын хэмжээ нь гетеросекс эрэгтэй хүмүүсийнхээс бага, лесби болон бисекс эмэгтэйчүүдийн дунд мөн андроген дааврын хэмжээ их байсан гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Ижил хүйсийн чиг баримжаатай хүмүүсийн сэтгэлзүйн зарим шинжүүд

Тэд сэтгэл санааны эрх чөлөөг эдэлж чаддаггүй, өөрийнхөөрөө байх сэтгэлзүйн боломжгүй, ижил хүйсийн чиг баримжаагаа хүлээн зөвшөөрөхөд сэтгэлзүй нь бэлэн бус, саад тотгортой байдаг.

Ил гарах гэдэг нь ижил хүйсийн чиг баримжаатай хүмүүс чиг баримжаагаа хүлээн зөвшөөрч, бусдад илэрхийлэн хэлэхийг хэлнэ. Нийгмийн бүх давхаргын хүрээнд ил гарсан тохиолдолд үүнийг амжилттай ил гарах гэж үзнэ.

Нийгэмд ил гарч өөрийгөө хүлээн зөвшөөрснөөр тэдний сэтгэлдээ тээж хадгалж яваа сэтгэл түгших, өөрийгөө үзэн ядах, гутрах, айдас хүрэх, ичиж зовох гэх мэтийн сэтгэлийн дарамтнаас өөрийгөө чөлөөлж, нийгмийн дунд өөрийнхөөрөө байж, амгалан тайван амьдрах нөхцөл бүрдэнэ.

Нийгэмд ил гарсан байдлаар нь ижил хүйсийн чиг баримжааг дараах 2 бүлэгт хуваан авч үздэг.

  1. Ил гарсан ижил хүйсийн чиг баримжаа
  2. Далд ижил хүйсийн чиг баримжаа – Энэ хүмүүс өөртөө үүсэж байгаа бүх мэдрэмжээ бусад хүмүүсээс нууж, хэрэв тэд мэдчихвэл яаж хандах бол, намайг ойлгохгүй хүлээж авахгүй байх вий, аливаа хүчирхийлэлд өртөхөөс айж, “гомо” гэж бусад хүмүүс шоолж доромжлохоос эмээдэг учир ил гардагггүй.

Ижил хүйсийн чиг баримжаатай холбоотой үүсэх сэтгэцийн зарим эмгэгүүд

Нийгэм, хамт олон, гэр бүлийнхний зүгээс байнга ялгаварлан гадуурхаж, тэдэнд муу нэрийн шошго зүүдэг. Ижил хүйсийн чиг баримжаатай хүмүүсийн дунд амиа хорлох эрсдэл өндөр байдаг учир анхаарах шаардлагатай.

Дараах сэтгэцийн эмгэгүүд зонхилон тохиолдож болох ба шаардлагатай тохиолдолд сэтгэцийн болон бэлгийн эмгэгийн эмчид хандаарай.

  1. Сэтгэл гутрах эмгэг
  2. Амиа хорлох бодол санаа, амиа хорлох оролдлого
  3. Сэтгэл түгших эмгэг
  4. Айдсын эмгэг
  5. Нойрны эмгэг
  6. Донтох эмгэг (согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэц идэвхит эм бодис)