АНУ–ын Өвчний олон улсын DSM-5 ангилалд 2013 оны 5-р сард Мөрийтэй тоглоомонд донтох эмгэгийг шинэчлэн нэмсэн. Мөрийтэй тоглоомонд донтох эмгэгийн тархалт дэлхий дахинд 0.1-6 хувь байдаг ба эмгэгийн шалгуурт хүрэхгүй ч мөрийтэй тоглоомыг хэтрүүлэн тоглодог насанд хүрэгчид үүнээс 2-3 дахин их байна гэж үздэг. Донтолтын улмаас эмчилгээнд хамрагдаж байгаа 2 эмчлүүлэгч тутмын 1 нь амиа хорлох бодол тээж, 17 хувь нь амиа хорлох оролдлогыг хийж байсан гэсэн тоо баримт байдаг учир мөрийтэй тоглоомонд донтох эмгэгтэй хүмүүст сэтгэл гутрал, амиа хорлох эрсдэлийг үргэлж үнэлэх нь чухал.
Манай оронд мөрийтэй тоглоомонд донтох эмгэг ихсэх хандлагатай байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл тархалтын судлан тогтоогоогүй байна.
Мөрийтэй тоглох донг буюу лудоманиа гэж нэрлэх ба энэ нь зан үйлийн донтолтын нэг хэлбэр юм. Ийм эмгэгтэй хүнд мөрийтэй тоглох эмгэг дур хүсэл үе үе, хар аяндаа бий болно. Энэхүү эмгэг дур хүсэлдээ хөтлөгдөн хэдэн өдрөөр үргэлжлүүлэн, өөрийгөө захирч чадалгүй тоглож, мөнгөө дуусмагц өр тавих, эд хөрөнгөө дэнчинд өгөх, үнэт зүйлсээ барьцаанд тавих мэтчилэнгээр “шатаж” донтож тоглодог.
Мөрийтэй тоглоом тоглох үед дараах буруу бодлуудаас шалтгаалан үргэлжлүүлэн тоглосоор байдаг.
- Би үргэлжлүүлж тоглох тусам хожих болно.
- Би алдсанаа эргүүлж хожино.
- Миний санхүүгийн асуудлаа шийдэх ганц арга зам бол мөрийтэй тоглоом.
- Стрессээс зугтаж чадах ганц зам бол мөрийтэй тоглоом гэж ташаа бодох тохиолдол олонтоо байдаг.