Оюун ухааны болон сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол давамгайлсан сэтгэцийн дутуу хөгжил бүхий шинж тэмдэгтэй даамжирдаггүй явцтай янз бүрийн шалтгаантай бүлэг эмгэгийг оюуны хомсдол гэнэ.
Тархалт
Оюуны хомсдолын тархалт улс орнуудад харилцан адилгүй байдаг ба 2015 онд АНУ-ын мэдээлснээр 1000 төрөлт тутам 8.7-36.8 тохиолдол байна гэж үзсэн. Монгол улсын хувьд газар нутгийн байрлалаас шалтгаалан 1000 төрөлтөнд 4.3-12.6 тохиолдол илэрч, оюуны хомсдолоор өвчлөх нь хүйсийн хувьд ялгаагүй байна.
Шалтгаан
Оюуны хомсдол үүсэх шалтгаан нь олон янз байдаг. Дотоод шалтгаант буюу удамшлын эмгэгүүд (бэлгийн эсээр дамждаг удамшлын эмгэг, бодисын солилцоо, ферментийн удамшлын эмгэгүүд, Дауны хам шинж, Патаугийн хам шинж, Клайнфелтерийн хам шинж, Тернерийн хам шинж, фенилкетонури гэх мэт), гадаад шалтгаант буюу үр хөврөл, ургийн уураг тархины үүсэл хөгжилд гадаад орчноос шууд ба шууд бус замаар (халдвар, хордлого, гэмтэл) нөлөө үзүүлснээс шалтгаалан үүсэх боломжтой гэж судлаачид тогтоосон.
Зовиур
Хүүхдийн эцэг эхийн үгээр:
- Хүүхдийн өсөлт хөгжилт үе тэнгийнхнээсээ хоцрогдож байна.
- Бусад хүүхдүүдтэй харьцуулахад сурах чадвар муу учраас сургуульд суралцахад хүндрэл учирч байна.
- Биеэ авч явах байдал, өөртөө үйлчлэх чадвар нь тааруу.
Өсвөр үеийнхэнд:
- Амьдралд хандах хандлага муу
- Бэлгийн амьдралд зүй бусаар хандах
- Амьдрах ур чадвар хангалтгүй эзэмшсэн
- Сурах арга барил хангалтгүй
- Ой тогтоолт оюун ухааны чадвар насандаа тохироогүй
Насанд хүрэгчдэд:
- Өдөр тутам бие даан амьдрахад хүндрэлтэй
- Нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцох санаачлага, идэвхи, чадвар муу гэх мэт зэрэг шинжүүд илэрнэ.
Эмнэлзүйн шинжүүд: Оюуны хомсдол нь эмнэлзүйн хувьд дараах 4 түвшинтэй. Оюуны хомсдолын үед эмнэлзүйн хэлбэрээс хамааран харилцан адилгүй шинжүүд илэрнэ.
- Оюуны хөнгөн хомсдол – IQ 50-69
- Оюуны дунд зэргийн хомсдол – IQ 35-49
- Оюуны хүнд хомсдол – IQ 20-3
- Оюуны гүнзгий хомсдол – IQ 0-19
Оюуны хөнгөн хомсдол
- Гол төлөв сургуулийн насанд эхлэн оношлогдоно.
- Хэл, хөлд хожуу орно.
- Ердийн сургуульд суралцах боломжгүй боловч хөнгөвчилсөн сургалттай сургуульд суралцан өөрийн оюун ухааны түвшинд тохирсон сурах чадварыг эзэмшинэ.
- Юмны нарийн учрыг олох, юмсын хоорондын хэлхээ холбоог бүрэн ухаарч ойлгох чадвар дунд зэргийн түвшинд байна.
- Энгийн хийсвэрлэн сэтгэх чадвартай.
- Бусдад өөрийн санал бодлыг хэлж, бусдын яриаг ойлгох чадвартай.
- Хэл ярианы хувьд ээрүү, тультраа, үсэг авиаг буруу дуудах зэрэг өөрчлөлттэй байж болно.
- Амьдралын энгийн дадал, чадварыг эзэмшсэн өөртөө үйлчлэх чадвартай.
- Бусдын хяналт, зөвлөмжийн дагуу амьдрар чадвартай.
- Сэтгэхүйн үйлдлийн чадварууд ердийн түвшингээс доогуур хөгжинө.
- Оюун ухааны чадвар их шаардахгүй мэргэжил эзэмшин ажиллах чадвартай.
- Бусдыг даган дуурайх болон бусдын ятгалганд автахдаа амархан байдаг.
Оюуны дунд зэргийн хомсдол
- Харьцангуй бага насанд оношлогдоно.
- Үг ярианы нөөц хомс, өөрийн санал бодлоо бусдад чөлөөтэй илэрхийлэх чадваргүй, бусадтай цөөн үгтээр харилцана.
- Хөнгөвчилсөн сургалттай сургуульд суралцаж болно.
- Сэтгэхүйн үйлдлийн чадварууд сул түвшинд хөгжсөн
- Өөртөө үйлчлэх маш энгийн дадал чадвар эзэмшсэн.
- Бусдын хяналтын дор энгийн хялбар ажлыг хийх боловч хөдөлгөөний эвсэл, эв дүй муутай.
- Хэл ярианы өөрчлөлттэй байж болно.
Оюуны хүнд хомсдол
- Харьцангуй бага насанд оношлогдоно.
- Зарим нэг бие эрхтэний эмгэг, согог илэрч болно.
- Хүүхдийн бие, сэтгэцийн хөгжил үе тэнгийнхнээсээ хоцрогдонги
- Хэл ярианы хөгжил муутай.
- Үгийн нөөц хомс, түгээмэл хэрэглэгддэг цөөн үгийг тультраа, хэлгий байдлаар хэлнэ.
- Өөрийн хэрэгцээг цөөн үгээр болон хөдөлгөөн, дохио зангаагаар бусдад илэрхийлнэ.
- Сайн зааж сургавал өөртөө үйлчлэх маш энгийн дадал чадварыг эзэмшинэ.
- Сэтгэлийн хөдөлгөөний илрэл сул.
- Бусдын дэмжлэг тусламж, асран хамгаалагч зайлшгүй шаардлагатай.
- Юмсыг сэтгэж танин мэдэх бус мэдэрч танин мэдэх чадвартай.
- Энгийн ажлын дадал чадвар эзэмшинэ.
Оюуны гүнзгий хомсдол
- Оюуны гүнзгий хомсдол нь 2 хүртэлх насанд тодорхойлогддог.
- Бусадтай хэл яриагаар харилцах боломжгүй, хэл яриа үүсч хөгжихгүй.
- Сэтгэхүйн үйлдлүүд огт хөгжихгүй.
- Биологийн дур хүсэл, хэрэгцээгээ дохио зангаа болон дуу авиагаар бусдад илэрхийлнэ.
- Өөрөө өөрийгөө арчлах болон энгийн хөдөлмөрийн дадал чадварыг эзэмших боломжгүй.
- Бусдын асаргаа сувилгаа, хяналт зайлшгүй шаардлагатай.
- Хөдөлгөөний эв дүй муутай зөвхөн байнга хийж дадсан энгийн хөдөлгөөнийг олон давтан хийнэ.
- Хооллох дур хувирах шинжүүд илэрнэ, хүнсний болон хүнсний бус зүйлийг ялгах чадваргүй.
- Болгоомжгүй үйлдлийн улмаас өөрийгөө бэртээж гэмтээж болно.
- Олонхи нь хөлд ордоггүй учир бие даан явах чадваргүй.
- Бие эрхтний төрөлхийн согог, болгоомжгүй байдлын улмаас урт наслах боломжгүй байж болно.
- Оюуны хомсдол өвчний эмнэлзүйн аль ч хэлбэрийн үед бие махбодь, мэдрэлийн системийн талаас хавсарсан өөрчлөлтүүд олонтоо илэрдэг. Оюуны хомсдол өвчний үед оюун сэтгэцийн дутуу хөгжлийн зэрэгцээ сэтгэц, төрх үйлийн талаас хулгай хийх, дэмий тэнэх, хүнсэнд хэрэглэдэггүй зүйлийг идэх, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангах, эмгэг дур хүсэл төрөх зарим өвчтөнд уналт таталтын хам шинж, дошгирол, богино хугацаанд солиорох зэрэг шинжүүд илэрч болно.
Өвчтөн ба түүний гэр бүлийнхэнд өгөх мэдээлэл, зөвлөгөө
- Оюуны хомсдолтой хүүхдүүд нь бусдыг өрөвдөх, хайрлах, энхрийлэх харилцааг хүмүүжлээр эзэмших чадвартай.
- Оюуны хомсдолтой хүмүүст өөрт нь тохирсон ажил, өөрөө өөрийгөө арчлах ур чадваруудыг эзэмшүүлэх дасгал сургуулилт байнга явуулах нь үр дүнтэй.
- Оюуны хомсдолыг төгс эмчлэх эмчилгээ байхгүй. Иймд зөвхөн амьдрах ур чадварыг эзэмшүүлэх сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээ чухал үр дүнтэй.
- Оюуны хомсдолтой хүн багахан юм хийсэн ч түүнийг нь сайшааж урамшуулах хэрэгтэй.
- Оюуны хомсдолтой хүүхдүүд болон насанд хүрэгчдийг тэдний боломжийн хэмжээгээр ямар нэг ажил, үйл ажиллагаа явуулахыг шаардах хэрэгтэй.
- Оюуны хомсдолтой хүмүүст сургалт явуулахад бэрхшээлтэй байх тал бий. Гэвч энэ байдлаас шантрах хэрэггүй.
- Хүмүүс гэр бүлд оюуны хомсдолтой хүн байх нь хэцүү гэсэн бодол, хандлагатай байдаг. Гэвч гэр бүлийнхэн үргэлж тайван ба сайн харьцаатай байх хэрэгтэй.
- Гэр бүлд оюуны хомсдол өвчний тухай бодитой сургалт хэрэгтэй.
- Хүн амд оюуны хомсдол өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгай зөвлөгөө өгөх ажлыг сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийн түвшинд явуулах шаардлагатай.
Эмчилгээ
- Төрөлхийн оюуны хомсдолыг төгс эмчлэх боломжгүй. Харин сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах нь зүйтэй.
- Оюуны хомсдол нь уналт таталт, сэтгэл гутрал, солиорол, дон гэх мэт бие сэтгэцийн бусад өвчинтэй хавсран тохиолдож болох учир илэрч буй зовиур шаналгааны дагуу эмийн эмчилгээ хийх буюу шаардлагатай үед эмнэлэгт хэвтүүлэн шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.