Түгээмэл сэтгэл түгших эмгэг – Сэтгэл түгшилт нь тодорхой нөхцөл байдлуудаас шалтгаалахгүй, ялимгүй зүйлд байн байн сэтгэл түгших, энгийн үйл явдлын талаар хэт их санаа зовинох шинжээр илэрдэг. Тухайн хүн ихэвчлэн ажил, гэр бүл, эрүүл мэнд, үр хүүхэд гэх мэтчилэн өдөр тутмын амьдралын зүйлсийн тухай бодит бус нөхцөлд тулгуурлан үе үе өөрийн эрхгүй сэтгэл түгшдэг. Үүнээс шалтгаалан толгой өвдөх, зүрх дэлсэх, ходоод орчим эвгүй оргих, шээс түргэн түргэн хүрэх, даралт тогтворгүй болох, хөлрөмтгий болох, нойр хямрах, эргэлзэх тээнэгэлзэх, цочромтгой уур уцаартай болох, анхаарал тогтворгүй болох шинжүүд түгээмэл ажиглагдана.
GAD-7 буюу Түгээмэл сэтгэл түгшилтийг илрүүлэх сорил
- Та ядарч, сэтгэл түгшиж байгаагаа мэдэрч байна уу?
- Та санаа зовж байгаа хянаж чадахгүй эсвэл зогсоож чадахгүй байна уу?
- Та олон зүйлийн тухай маш ихээр санаа зовдог уу?
- Танд амрахад хэцүү болсон уу?
- Та сууж байхдаа ч гэсэн тайван бус хэцүү байдаг уу?
- Та амархан уурлаж, бухимддаг болсон уу?
- Танд ямар нэгэн аймаар зүйл болох вий гэсэн айдас төрдөг үү?
Асуулт бүр:
- Бараг үгүй – 0
- Зарим өдрүүдэд – 1
- Өдрийн талаас илүүд – 2
- Бараг өдөр бүр – 3
Асуумжийн үнэлгээний оноо:
- 0-9 бол сэтгэл түгшилтгүй
- 10 – с дээш оноо авсан бол сэтгэл түгшилттэй гэж үнэлнэ.
Сандрах эмгэг – Хүчтэй айдас, хүнд сэтгэл түгшилт нь сандралаар илрэхийг сандрах эмгэг гэнэ. Айдасын эмгэг, сэтгэл түгшилттэй хүмүүст сандрах эмгэг хавсарч тохиолдох нь элбэг байдаг. Хүн амын 1-4 хувийг сандрах эмгэгтэй хүмүүс эзэлж, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2-3 дахин өвчлөх эрсдэлтэй байдаг.
Сандрах эмгэгийн дайралт – Сандрах эмгэгтэй хүмүүс нь гэнэт хүчтэй сэтгэл түгшилт, айдсын үед дайралтанд өртөх эрсдэлтэй байдаг. Энэ үед сэтгэл түгшилтийн байдал дээд цэгтээ хүрэхийн зэрэгцээ бие махбодийн шинжүүд маш тод илэрч, гаднаас харахад царай цонхийж, амаа ангайсан, амьсгаадаж, амьсгал давчидсан, бие бүх чичирч, нүдээ том нээж, айсан, сандарсан харцтай, дуу гарахгүй, хоолой сөөнгөтөн бүдгэрсэн, тайван бус тогтворгүй, хөдөлгөөн ихтэй харагддаг. Мөн тусламж аврал эрж, байгаа газраасаа мэгдэн зугтаж болно. Сандрах эмгэгийн дайралтын үед тухайн хүний амьсгал давчдаж, амьсгалалт хэт олширч цусан дахь агаарын солилцоо хямарсантай (нүүрсхүчлийн хэмжээ буурч, шүлтийн хэмжээ ихэснэ) холбоотой хэт амьсгалах шинж үүсдэг байна. Сандрах эмгэгийн дайралт нь тухайн хүний эргэн тойронд болж буй үйл явдлаас шалтгаалдаггүй. Тухайн хүн дайралтанд орсоны дараа хэсэг хугацааны дараа хэвийн байдалдаа эргэн ордог.
Айдасын эмгэгүүд
- Нийгмийн айдас – Гэр бүлийнхээ гишүүдээс бусад хүмүүстэй нийгмийн тодорхой нөхцөл байдалд харилцах үед айдсууд өөрийн эрхгүй төрж, зүрх дэлсэх, нүүр улайх, бие салганан чичрэх, амьсгаадах зэрэг биеийн шинжүүдээр илэрдэг эмгэг юм. Өөрийгөө дутуу үнэлдэг буюу дорд үздэг хандлагатай, ичимхий зантай, түгжигдмэл харьцаатай, нийгмийн дасан зохицох чадвар султай, сэтгэгч хэвшинжийн бие хүн өвчлөх магадлал их байдаг.
Айдас үүсгэх нөхцөл байдлууд
- Олны өмнө үг хэлэх
- Асуулт асуух
- Анхаарлын төвд байх
- Бусдын өмнө хоол идэх
- Эсрэг хүйсийн хүнтэй уулзах гэх мэт нөхцөл байдалд орох үед нүүр улайх вий, огиудас хүрэх вий, хөлрөх вий зэрэг яльгүй зовлонт бодолд автдаг.
- Талбайн айдас – ердийн нөхцөлд айдас хүрмээргүй орон зай, талбай, гудамж болон олон хүн цугладаг газар байхад хар аяндаа, өөрийн эрхгүй айдас төрөхийг хэлнэ.
Айдас үүсгэх нөхцөл байдлууд
- Дэлгүүр, хоршоо, захаар явахад
- Автобусаар, галт тэргээр, машинаар ганцаар аялахад
- Гэрээс гадагш ганцаар гарахад
- Олон нийтийн үйлчилгээний газраар ганцаар ороход
- Зам талбай хөндлөн гарахад хар аяндаа, өөрийн эрхгүй, гэнэт айдас төрж сэтгэл түгшиж, биеийн шинжүүд илрэхээс гадна галзуурчих вий, үхчих вий гэсэн айдас төрдөг.
Тухайн хүн дээрхи газруудаар явахад энэ байдал дахин давтан тохиолддог учир аль болохоор гудамж талбай, олон хүн цугладаг газар ганцаараа явахаас зайлсхийж, үүнээс шалтгаалан өөрийн өдөр тутмын үйл ажиллагааг хязгаарлах эсвэл хийхгүй болно.
- Өвөрмөц айдас – халдвараас айх айдас, хурц үзүүртэй зүйлээс айх, өндрөөс айх, ямар нэг тодорхой амьтанаас айх, үхэхээс айх гэх мэт тухайн хүн тодорхой зүйлээс айх байдлаар илэрнэ.
Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал сэтгэл түгшилт байж болох юм:
- Таны сэтгэл байн байн түгшиж, хий хоосон санаа зовдог бол…
- Тодорхой нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр танд айдас төрж байвал…
- Та айдас төрүүлсэн нөхцөл байдлаасаа зайлсхийж байвал…
- Таны айдас гэр бүл, нийгмийн амьдрал, ажилд тань нөлөөлж байвал…