Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий даяар нийт 350 сая гаруй хүн сэтгэл гутралын улмаас шаналж байна. Сэтгэл гутрал нь хар аяндаа уйтгар гуниг төрөх, гутранги бодолд автах, аливаа зүйлд сөрөг хандлагатай байх, өөрийгөө ямар нэгэн зүйлд буруутай мэтээр мэдрэх, сэтгэл санаа тогтворгүйдэх, өмнө нь тааламжтай санагдаж байсан зүйлүүдээ таашаахгүй болох, биеийн эрч хүч буурах, идэх, унтах хэмнэл өөрчлөгдөх, мөн анхаарал төвлөрөх, шийдвэр гаргахад хэцүү болох зэрэг олон шинж тэмдгүүдээр илэрдэг. Хүйсийн хувьд авч үзвэл сэтгэл гутрал нь эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. Эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолдож байгаа нь тэдний биологи, нийгэм, сэтгэлзүйн хүчин зүйлстэй холбоотой байдаг. Лансет сэтгүүлд мэдээлснээр 5 эмэгтэй тутмын 1 нь төрсний дараах сэтгэл гутрал байгааг тогтоожээ. Төрсний дараах сэтгэл гутралд өртсөн эмэгтэйчүүдийн 54 хувь нь жирэмсэн байх үедээ сэтгэл гутарч байсан тухайгаа мэдээлсэн байдаг. Иймээс жирэмсэн үеийн сэтгэл гутралыг эрт илрүүлж, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх нь төрсний дараах сэтгэл гутралаас сэргийлэхийн зэрэгцээ эх, хүүхдийн бие болоод сэтгэцийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм.
Төрсний дараах сэтгэл гутрал нь нярай хүүхдийн биеийн эрүүл мэнд, мэдрэл танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон. Сэтгэл гутралтай эхчүүдийн хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг сэтгэл гутралгүй эхчүүдийн хүүхэдтэй харьцуулан судлахад биеийн эрүүл мэндийн талаас өсөлтийн хоцрогдол илрэх, жин бага байх, эрт хөхнөөс гаргах, гүйлгэх, аливаа халдварт өвчинд өртөмхий болох, хүүхдийн хөгжлийн үнэлгээний оноо бага байх зэрэг шинжүүд илэрсэн бол сэтгэцийн талаас эх хүүхдийн хооронд хамгаалалтгүй ээнэгшил үүсэх, сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, хөдөлгөөн, баримжаалах чадварууд хангалтгүй байх, хэл ярианы хөгжлийн хоцрогдол, нойрны өөрчлөлт зэрэг олон асуудал хүүхдэд илрэх боломжтой гэж үзжээ.