Хүүхэд, өсвөр насанд тохиолдох сэтгэл гутрал гэж юу вэ?

 

Тоо баримт

  • Дэлхий дээр сэтгэл гутрах эмгэгтэй 350 сая орчим хүн байна.
  • Сэтгэл гутрал нь амиа егүүтгэх үйлдэлд хүргэдэг бөгөөд жил бүр 800 000 хүн амиа егүүтгэж, эдгээрийн ихэнх нь 15-29 насныхан байна.
  • Сэтгэл гутрах эмгэг хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг тэргүүлэх шалтгаануудын нэг юм.
  • Сэтгэл гутрал эмэгтэйчүүдэд илүү тохиолдох ба эмчилгээ үр дүнтэй.
  • Сэтгэл гутрах эмгэг нь өсвөр залуу насанд эхэлж, тэдний сургуульд сурах, ажил хөдөлмөр хийх, гэр бүл болж амьдрахад нөлөөлж, хөдөлмөрийн чадвар алдалт, дахилт өгөхөд хүргэдэг архаг эмгэг юм.

Сэтгэл гутралын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлүүд:

  • Удамшил: сэтгэл гутрах эмгэгийн томоохон шалтгаан гэж үздэг.
  • Стресс: Эцэг эх нас барах, эцэг эх нь салах, эцэг эхээсээ тусдаа амьдрах, эцэг эх нь шоронд байх, орон гэргүй болох, нүүх шилжих, гэр бүлд санхүүгийн асуудал тулгарах, хойд эцэг эсвэл эхтэй болох гэх мэт
  • Биеийн өвчин: Чихрийн шижин, уушигны багтраа, ревматоид артрит, зүрхний өвчин, гипотириодизм, С вирусын шалтгаант элэгний үрэвсэл, цус харвалт, паркинсоны өвчин
  • Эм бэлдмэл: Зарим эмийн бодисыг удаан хугацаагаар хэрэглэх үед илэрч болно. /уналт таталтын эсрэг эм, ангиотензин хувиргагч ферментийн сааутуулагч, артерийн даралт бууруулах эм, бактерийн эсрэг бэлдмэл, бета блокатор эмүүд, кортикостериод, интерферон, дааврын бус үрэвслийн эсрэг эм, дотоод шүүрлийн дааврын бэлдмэл/

Хүүхэд өсвөр насанд илрэх сэтгэл гутралын эмнэлзүйн онцлог шинж:

  • Өсвөр үеийнхний сэтгэл гутралын үед илэрдэг сэтгэл хөдлөлийн онцлог, гуниглах, гутрах, сэтгэлээр унах, түгшүүрлэх, сэтгэл тавгүйтэх зэрэг илрэл бүхий сэтгэлийн сөрөг хөдлөл үүснэ.
  • Мөн бодол санаа, үг яриа, үйлдлийн хурд удааширдаг бөгөөд тэдний зориг эрмэлзэл, дур хүсэл сонирхол, хэрэгцээ, идэвх санаачилга буурдаг.
  • Удаан хугацаагаар уруу царайлан суух юм уу, эсвэл орондоо буруу харан хэвтэх, хоолны дуршилгүй болох, хичээл сургуульдаа явах хүсэл буурна.
  • Удаан сэтгэж, нам дуугаар, цөөн үгээр зөөж, тасалдуулан ярина.
  • Ихэнх тохиолдолд асуултанд давтан асуусны дараа “тиймээ”, “үгүй” гэхчилэн ганц нэгэн үгээр хариулна.
  • Өнгөрсөн одоо, ирээдүйн тухай гутранги үзэлтэй болно.

Өсвөр үеийнхний сэтгэл гутралын үед илэрдэг сэтгэл хөдлөлийн онцлог:

  • Өөрийн сул тал болон амьдралд тохиолдсон явдлыг хэтрүүлэн үнэлж, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр, хамгийн зовлонтой, хамгийн шившигтэй, хамгийн азгүй хүн гэх мэтээр үнэлнэ.
  • Улмаар амиа хорлох бодол төрөх ба оролдлого хийж болзошгүй.
  • Цаашид эдгээр бодлууд нь улам сөрөг, гутрангуй болсноор өдөр тутмын хийдэг зүйлсээсээ холдох, хүмүүсээс зожигроход хүргэдэг байна.
  • Сэтгэл гутралын үед симпатик мэдрэлийн хүчдэл ихсэж хүүхэн хараа өргөсөх, өтгөн хатах, зүрхний цохилт олшрох, турах эсвэл жин нэмэх гэх мэт шинжүүд бие махбодийн талаас илэрнэ.

Зөвлөгөө:

  • Өсвөр насны хүүхдийн бодол санаа болон сэтгэл санаа нь юунд зовж байгааг сайн сонс. Ярилцлага хийхдээ бүү яар. Хэрвээ цаг бага байгаа бол боломжтой үеэ дараа дахин ярилцахыг санал болго.
  • Өсвөр насны хүүхдэд түүний бодол санаа болон түүнд тулгарч байгаа стрессийн нөхцөл байдлыг холбож зохицуулахад нь тусал. Энэ холбоог ойлгох нь шинж тэмдэг хурцдахгүй байхад тусална.
  • Түүний эцэг, эхтэй уулзаж түүний санал бодлыг тэдэнтэй хуваалцаж болно. Өсвөр насныхан эцэг, эхтэйгээ өөрийнхөө бодлыг хуваалцаж чадахгүй байдаг бөгөөд энэ нь байдлыг улам дордуулдаг. Тиймээс тэр улам дүнсгэр зан авир гаргаж улам сэтгэл дундуур болдог. Ар гэрийнхэнтэй нь нээлттэй ярилцлага хийх нь асуудлыг шийдвэрлэхэд их ач холбогдолтой.
  • Практик санал гарга. Хүүхэд зарим хичээлд муу байснаас стресст орж болох тул үүнийг багшид нь тайлбарла. Багш нь тэр бэрхшээлийг давж гарахад хичээлийн дараа давтлага өгч түүнд тусалж болно.
  • Сэтгэл тайвшруулах дасгалыг зааж өг. Энэ нь анхаарлаа төвлөрүүлж сурахад тус болдог.
  • Стрессээ хэрхэн давж гарах талаар асуудал шийдвэрлэх арга барилыг заа.
  • Түүнд архи, тамхи болон хар тамхи хэрэглэхээс зайлсхийхийг зөвлө.
  • Түүнийг өөрийгөө сайжирсан гэж мэдрэх болтол нь тогтмол уулзаж бай.
  • Хэрвээ эдгээр арга хэмжээ нөлөөлөхгүй бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Эцэг эхчүүдэд өгөх мэдээлэл:

  • Сэтгэл гутрал үүсэх шалтгаан олон янз байдаг.
  • Сэтгэл гутрал хүн амын дунд элбэг тохиолддог эмгэг юм.
  • Шаардлагатай үед эмчилгээ хийхэд эмчилгээ сайн авдаг. Өвчин дахиж болно.
  • Энэ бол залхуурал, сул дорой байдал биш сэтгэл гутрал эмгэг юм.
  • Хүүхдийн хийх дуртай зүйлсийн жагсаалтыг хамт гаргаж, өдөр бүр дуртай зүйлээ хийж байхад нь туслах, хийж буй ажлыг нь дэмжиж, сайшааж урамшуулж байх, гутранги сөрөг бодлоос салахад нь туслах, хүүхдийг байнга хараа хяналттай байлгах, сайн ажиглаж, ярилцаж байх, хүүхдийг шүүмжлэх буюу зэмлэхгүй байх, хүүхэдтэйгээ илүү цагийг өнгөрөөж, тоглож байх

Өсвөр насныханд өгөх зөвлөгөө:

  • Та өөрийнхөө итгэлтэй болон таныг шүүмжлэн буруутгахгүй хүнтэйгээ ярилц, тэдэнд өөрийнхөө юу бодож байгаагаа хэл, чимээгүй нам гүм байдалд ганцаараа шаналах хэрэггүй.
  • Эрүүл мэндийн байдалдаа анхаарах, өдөр тутмын байдалдаа зохицох, чанарлаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
  • Архи, согтууруулах ундаа, эм бэлдмэл, мансууруулах бодисоос зайлсхийх, ялангуяа сэтгэл гутралын шинж тэмдгийг багасгахад эерэг нөлөө үзүүлэх дасгал хийх нь  зүйтэй.
  • Өөрийнхөө “улигт бодол”-оосоо сатаарах сонирхол татсан үйл ажиллагааг эрж хайх, өдөр бүр өөртөө жижиг, хүрч болохуйц зорилго тавих хэрэгтэй.
  • Өөрийнхөө хамгийн сонирхолтой буюу дуртай зүйлээ хийгээд үзэх /нэг удаа бус нэг хэсэгтээ /
  • Хэдийгээр та үүнийг хийх дургүй ч гэсэн танд анхаарал тавих найз нөхдийг эрж хай.
  • Хэрвээ танд өөрийнхөө төлөө хийх эдгээр сайн зүйлсийн дор хаяж аль нэгийг нь хийх сонирхол төрөхгүй байх эсвэл тэдэнтэй харьцаагаа үргэлжлүүлэх боломжгүй санагдвал сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.

Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!